Би өөрийнхөө баталсан хуулийг шүүхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Тиймээс "“Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ." гэсэн заалтыг 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Ер нь дэгийг бусад улсын парламент хуульчилдаггүй юм байна. Манайх тогтоолоо хууль болгосон. УИХ-ын дэг дээр нэр дэвшүүлнэ гэсэн байна. Нэр дэвшүүлэх субъект нь улс төрийн нам юм. Үүнийг хараагүй үлдээсэн байна, 2000 онд. Намайг ҮХЦ дээр оч гэдэг. Гэтэл 27 жил парламентад суучихаад би ҮХЦ дээр өөрийнхөө баталсан хуулийг шүүнэ гэж байхгүй. Хуулийг олон шүүлтүүрээр гаргадаг болох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Үндсэн хуулийг өөрчлөлтийг хэзээ хийх юм бэ. Олонхи болсон нам Засгийн газар бүрдүүлдэг. УИХ-ын гишүүн бие даагч олонх болвол яах вэ? Ийм нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийг эрхээ хэтрүүлж байна гээд байна. Хот , тосгоны эрхзүйн орчны хуулийг ч эргэлзээтэй зүйл байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Үндсэн хуулиндаа олон асуудал тусгалаа олох ёстой юм.
Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг гишүүдийн олонхи дэмжлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ