Гэрлийн хурдаар олсон эд хөрөнгийн солиорол

Ач санаж чадахгүй бол өс бүү зангид УИХ-ын залуу гишүүн Ж.Мөнхбат танд харамсал илэрхийлье. Гэхдээ чам шиг аль нэг бүлэглэлийн өмнөөс улин хуцдаг нохой зангүй олон мянган залуусын өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. Сөдгий уруул сөөсгөр биеэндээ хар залуугаараа хорсол, айдас, хоёрыг ийм ихээр тээж яваа ямар гээчийн үйл лайтай амьтан болоод ингэж их сандарч зөв буруугүй хашигчиж эхлэв. Юугаа алдах гээд юунаас хагцаж орхисон болоод юутай ихээр өширхөж орилон дуулна вэ? Тэртээ ууланд тэнгэр дуугархад айсан гөлөг хаяанд гаслах адил аянганаас өмнө алийгаа алдаж өөртөө шорон гяндан захиалсан үгсээр анхнаасаа л муу амлаж муухайг дуудсаар сайдын ажлаа уйлагнан өгсөн хүн нь Ж.Мөнхбат. Шинэ засгийн жингийн цувааны араас сүү биш чулуу шидсэн жудаггүй үгсийн худрагагүй ганц эзэн. Гэтэл бас л УИХ-ын чуулганы танхимд хараал урсган, хашигчин дүвчигнэж гарав. Өчигдөрхөн УИХ-ын даргын ширэн цүнхэнд түүртэн ордны шатаар шогшин татаж явсан хүүхэд. Төсөрхөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хажууд наалдан жудаг зангараг хоёрыг нь үгийн сайхнаар магтан дуулж явсан уран үгт залуу. Хусманд борогшоогүй ходоод нь өрмөндөө шартаж хордлогын солиорол шуналын дэмийрэлд орчихжээ. Өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн бүхэн рүүгээ эргэж боргох хэмжээнд хүртлээ их ч зоолж. Өгсөж гарсан шат бүрээ нулимах буруу тамир чамгүй ч сууж. Ийм арчаагүй жудаггүй хүнд “Ач санаж чадахгүй бол өс бүү зангид” гэж хэлэх нэгэнт оройтож. Буу үгүй бол сум үсрэхгүй. Хуруу үгүй аваас чулуу хөдлөхгүй. Хэн гээчийн илгээсэн сум, нясласан чулуу нь болж сагсалзаж яваа юм бол доо хөөрхий. Би энд улс төрийн тухай яриагүй байна. Улс төрд эвдэрсэн залуу хүний тухайд л харамсаад байгаа юм. Өш хонзон, атаа хорсол, шунал тачаал нэг хүнд тэр тусмаа залуу хүнд яаж ийм ихээр багтаж байгааг гайхах юм. “Буруу байхаар яруу бай” хэмээн уянгалаж байсан тэрээр яруу биш буруу байхын үлгэр жишээ болон үлдлээ. Хэт эрт олдсон албан тушаалын аархал, гэрлийн хурдаар олсон эд хөрөнгийн солиорол, их эздийн нь илт турхиралт энэ залууг хэдийнээ устгаад эхэлжээ.
О.Түвшиндэмбэрэл
ЭХ СУРВАЛЖ: http://ardnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ