Чөмгөө ташсан бол ТАНЫ хохь

Улаанбаатар яагаад зөвхөн машинд зориулж зам тавьдаг юм бэ. Бас яагаад зөвхөн автозамаа цэвэрлэдэг юм бэ.
Улаанбаатарын зам өргөсөж, өндөрсөж чухам гоё болж байгаа гэнэ. Уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн гэх хачин чамин үгстэй мэдээ хөврөөстэй. Ингэж хачин гоё болгохдоо явган замаа мартсан газар цөөнгүй. Автозам тэгээд хайс хашлага. Машин зэрэгцэж, зөрөлдөөд ОРК-оороо дуудуулан автозам дээр явах ганцхан сонголттой. Товчхондоо Улаанбаатар зөвхөн машинд зориулж зам тавьж, замаа засдаг. Улаанбаатарыг хүнд бус машинд ээлтэйг өвөл харин ч мэдрүүлнэ.
Цас оров оо. 11 дүгээр сарын анхны цас гээд хүмүүс ихээхэн хөөрцөглөв. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн үгээр бол сайхан зүйлийг сайхнаар нь мэдэрч байгаа нь тэр. Харин цас орсны орой бас маргааш нь нийслэлчүүд бараг л мөлхлөө, машинтай нь ч, явган нь ч. Зам талбай бүхэлдээ мөстөж, халтиргаа үүссэнээс тэр. ТҮК-ийнхэн өчигдөржингөө цэвэрлэж, арай гайгүй болгов. Гэхдээ өнөө л янзаараа машин замаа цэвэрлэж, явган замын халтиргаа гулгааг хаячихаж, өнөөдөр ч мөстсөн хэвээр. Машин замынхаа цасыг явган зам дээр овоолж, тэр нь өдөр хайлж, шөнө нь мөстөнө. Тэгээд машингүй хэсэг бүлэг нь мөлхөх шахан бээцэгнэж явна. Халтиргаанаас үүдэж, машин мөргөлдвөл хайран. Харин хүн унаж бэртвэл хохь нь бололтой.
Өчигдөрийн мэдээгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд халтирч унан бэртэж, гэмтсэн 200 гаруй хүн хандсан байна. Тэр хүмүүсийн ихэнх нь халтирч унан, гар хөлөө гэмтээсэн оноштой байгааг эмч хэлэв. Эмнэлгийн ачаалал 100 хүнээр нэмэгдэж, ээлжийн нэг эмч 50-60 хүн үзэж буй аж.
Улаанбаатарын явган зам гоёмсог гэж жигтэйхэн. Гял цал, гялгар гөлтгөр. Гэвч тэр гялгар гөлтгөр нь өвлийн улиралтай, цас ихээр ордог улсын нийслэлд үнэхээр тохиромжгүй. Төв талбайгаасаа эхлээд гудамж зам нь бүхэлдээ савж унаад, тархиа хагалах зориулалттай. Товчхондоо бээрчихсэн аалз шиг л явахгүй бол бэртэж гэмтэх энүүхний асуудал. Бүхэл бүтэн гурван сар өвөл үргэлжилж, цас ордог нийслэл хот маань яагаад ийм иргэнтэй ээлгүй юм бол?!
Дээр нь аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй. Бүр журмаар хүлээсэн үүрэг. Гэтэл цэвэрлэнэ гэж үнэндээ гурилдаж, зөвхөн шатаа тойруулаад цэвэрлэсэн байгууллагууд зөндөө. Үнэн хэрэгтээ байшин бүрээ шахаж барьсан Улаанбаатарт байгууллага бүрт 50 метрын орчин ч байхгүй. Алга дарам газрыг цэвэрлэчих сэтгэлгүй, зөвхөн шатаа шүүрдээд зогсч байдаг хувиа хичээгчид олон байна.
Улаанбаатар хүнд бус зөвхөн машинд зориулагдсан хот. Автозамаа засч сайжруулна, өргөснө. Явган замаа хаячихна. Машин замаа цэвэрлэж цэмбийлгэнэ. Явган зам дээр цасыг нь овоолоод орхичихно.
Цас ороход баярлаж, баясах амархан. Харин цасны дараах пянг даах хэцүү. Тэр тусмаа машингүй хүмүүс бол унаж бэртэхгүйн төлөө амь тэмцэнэ. Харин унаад чөмгөө ташвал таны, миний, чиний хохь.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ