Н.Дорж: Засгийн газар, түүний байгууллагуудыг хотоос гаргах хэрэгтэй
Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, тулгарч буй хүндрэлээс гарах арга зам хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч, дулаан хангамжийн зөвлөх инженер Н.Доржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хотын төвлөрлийг бууруулах таны санааг сонирхъё?
-Улаанбаатар хот ачааллаа даахаа больсон. Айлуудад дулаан, цэвэр, бохир ус жигд очихоо больсон. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, төвлөрлийг бууруулахын тулд Засгийн газар, түүний байгууллагыг хотоос гаргах хэрэгтэй. Гэхдээ хааш нь шилжүүлэхийг судалгаа шинжилгээтэйгээр боловсруулах ёстой. Үүнийг хийх газар нь Барилга хот байгуулалтын яам.
-Төвлөрлийг бууруулахад энэ төлөвлөгөөнд хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-Засаг захиргааны байгууллагыг хотоос гаргасан 50 гаруй улс байдаг. Үүнд маш их хэмжээний мөнгө шаардлагатай. Хөрөнгөө барьцаалах зэргээр энэ мөнгийг босгох боломж, шийдвэр гаргах эрх мэдэл Засгийн газрынханд бий. Бид оюутны хотхоноо хотоос гаргаж чадахгүй байна. Энэ бүхэнд Засгийн газрын шийдвэр хэрэгтэй байна.
-Энэ саналаа холбогдох байгууллагад нь хүргүүлсэн үү. Ямар хариу өгсөн бэ?
-Өнөөдөр бид санал солилцож байна. Эндээс гарсан шийдлийг, хамтарч ажиллах саналыг Х.Баделхан сайдад хүргүүлнэ. Төвлөрлийг бууруулахад хамгийн чухал оролцоотой байгууллага нь Барилга хот байгуулалтын яам.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ