Цэцэрлэг, сургуулийн багш нарт 516 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Ерөнхий боловсролын сургууль болон МСҮТ, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэхээр гурван сарын турш тэмцэж буй. Тэдний тэмцэл үр дүнд хүрсэн гэдгийг Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээллээ. Тэдний өгсөн мэдээллээр энэ ондоо багтааж, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчдад 516 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгох юм байна.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Бид тэмцэл хийж, нааштай үр дүн гаргаж чадлаа. Энэ онд багтааж СӨБ болон ЕБС-ийн багш ажилчдад 516 000 төгрөг өгнө гэсэн албан ёсны хариуг БСШУСЯ-наас өглөө. 2018 оны нэмэгдлээр бид цаашид хэлэлцээрээ үргэлжлүүлж, багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана” гэсэн мэдээллийг өглөө.
Багш нар 2017 онд үндсэн цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлагыг тавиад байсан. Гэвч ОУВС-тай хийсэн тохирооны дагуу энэ онд цалин нэмэх боломжгүй гэсэн хариуг Засгийн газраас өгөөд буй. Тиймээс урамшуулал, нэмэгдлийн зарчмаар багш нарын бодит орлогыг нэмэгдүүлэх шаардлага тавьж, зорилгодоо хүрсэн гэдгээ Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэв.
ЕБС, СӨБ-ын багш, ажилчдад олгох 516 мянган төгрөгийг ирэх 11, 12 дугаар сарын цалин дээр нь нэмж өгөх юм байна.
Төрийн яамдтай хэлэлцээ хийж, тохиролцсон учраас багш нар ажил хаяхгүй гэдгийг энэ үеэр мөн мэдэгдэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ