Б.Дэлгэрмаа: Зоонозын халдварын 80 хувийг хачиг эзэлж байна

img

Нэг эрүүл мэнд зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт, тулгамдсан асуудлын үндэсний хэлэлцүүлэг яг одоо “Blue sky”-д болж байна. Энэ үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эрсдэлийн удирдлага бэлэн байдлын тандалт, судалгааны тасгийн эрхлэгч Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

 

-Манай улсад зоонозын өвчний өнөөгийн байдал ямар байна вэ?

 

-Мал, амьтнаас хүнд халдварлаж буй өвчнийг зооноз гэж байгаа. Таван хошуу мал малладаг, ан амьтан ихтэй манайх шиг оронд зоонозын өвчин эртнээс бүртгэгдсэн. Түүний эсрэг манай байгууллага ажилладаг. Аялал жуулчлал хөгжсөн энэ үед манай оронд гаднын орноос халдвар орж ирэх эрсдэл нэмэгдэж байгаа. Зооноз малаас шууд хүнд халдварлахаас илүү дамжуулагчаар дамжин халдварлах тохиолдол асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, бүүрэг, шумуул, хачиг зэрэг шимэгч амьтнаар дамжин өвчин халдварлаж байна.

 

-Дамжуулагчаар дамжих зооноз их байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

 

-Манай оронд хамгийн их тохиолдож байгаа нь хачигт энцефалит, боррелиоз, риккетсиозын халдвар байна. Нийт халдварын 80 хувийг хачгийн халдвар эзэлж байна. Хачигт энцефалит нь нэлээд хүнд. Тухайлбал, Булган, Сэлэнгэд энэ төрлийн халдвар авсан хүн нас барах хандлагатай байдаг.

 

-Одоогоор хачигт халдварын хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ. Үүнээс хэд нь нас барсан бэ?

 

-Манай улсад хачигт хазуулсан 1200 тохиолдол бүртгэгдсэнээс хачигт энцефалитаар тав, риккетсиозоор нэг хүн нас барсан. 

 

-Зоонозын халдварын 80 хувийг элзээд байгаа хачигт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Манай улсад дөрөвдүгээр, тавдугаар сар хачигт халдварын тархалт идэвхтэй үе байдаг. Хачигт энцефалитаас сэргийлэх вакцин хийлгэж болно. Риккетсиозын хувьд хачигт хазуулахгүй байхаас өөр аргагүй. Хачигт хазуулахгүй байхын тулд ойд явахдаа тод өнгөтэй, битүү хувцас өмсвөл зохимжтой.

 

-Мөн нохойд хазуулсан тохиолдолд галзуу өвчин халдварладаг. Өнгөрсөн жилийн хувьд манай улс “Галзуугийн эсрэг өдөр”-ийг галзуугийн вакцингүй угтсан. Ийм зүйл давтагдахгүй байх баталгаа бий юу. Жилд хэдэн тун байхад хангалттай гэж үздэг вэ?

 

-Таван жилийн дунджаар вакцины тунг гаргадаг байсан. Гэтэл өнгөрсөн жил тасарсан. Энэ жил вакцинд хамрагдалт их байна. Одоогоор 70 тун вакцин үлдсэн байна. Арванхоёр дугаар сард дахин вакцин ирнэ. Тиймээс өнгөрсөн жилийнх шиг вакцин тасрахгүй.

 

 

-Уг вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг байсан. Гэтэл яагаад гаднын орноос авдаап байгаа юм бэ?

 

-Галзуугийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг байсан ч чанарын үнэлгээгээр шаардлага хангаагүй тул гаднын орноос захиалдаг болсон.

 

-Галзуугийн вакциныг хэдэн цагийн дотор хийлгэх ёстой вэ. Урьдчилан сэргийлэх үүднээс нохойд хазуулаагүй ч хийлгэж болох уу?

 

-Галзуу өвчний талаарх сүүлийн 20 жилийн судалгаагаар гудамжны нохойд хазуулсан тохиолдол өсч байна. Нохойд хазуулснаас 24 цагийн дотор эмнэлэгт хандаж, шархаа цэвэрлүүлж, вакцинаа хийлгэх ёстой. Хугацаа хэтэрч, халдвар төв мэдрэлийн систем рүү орсон тохиолдолд дараагийн эмчилгээ гэж байдаггүй. Хазуулаагүй тохиолдолд вакциныг хийлгэж болохгүй.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ