Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар өнөөдрөөс ажил хаялт зарласан. Үндсэн цалин нэмэх шийдвэр гартал хугацаагүй хэмээн зарласан ажил хаялтад нийслэлийн сургуулийн 90 хувь, орон нутгийн сургуулийн 40 гаруй хувь нь оролцож байна.
Ажил хаялтын талаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригоос тодрууллаа.
-Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Салбарын яамнаас та нартай холбогдсон уу?
-Ярьсан. Боловсролын яамнаас үндсэн цалинг нэмэхэд эрх мэдэл хүрэхгүй. Энэ асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд шийднэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин нэмэгдэл урамшууллыг шийдэхэд хамтран ажиллах саналыг тавьсан.
-Гэхдээ та нар үндсэн цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан?
-Бидний зүгээс урамшуулал бус үндсэн цалин нэмүүлэх шаардлага тавьж байгаа.
-Дараагийн алхам юу байх вэ?
-Ажил хаялт зарласан хугацаанд бид тэмцлийн бүх хэлбэрийг ашиглаж болно. Дараа дараагийн арга хэмжээг төлөвлөсөн байгаа.
-Ажил хаялт хугацаагүй байсаар байх уу?
-УИХ, Засгийн газраас нааштай шийдвэр гаргахгүй бол ажил хаялт үргэлжилсээр байна.
-Боловсролын яамнаас энэ ажил хаялтыг хууль бус гэж албан тоот явуулсан байсан?
-Тэр бичигт бид хариу өгсөн. Бид хуулийн дагуу зохион байгуулж байгаа. Засгийн газар болон эздийн талтай тохиролцоонд хүрч чадаагүй учраас ажил хаяж байна. Энд хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй. Өнгөрсөн есдүгээр сараас хойш тэмцлээ. Засгийн газар, салбарын яам үл тоосон байдалтай байгаа учраас бид Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил хаяж байна.
Б.Энэрэл