Ж.Батзандан: Солонгос улс Б.Хурцыг хүлээж авахгүй, буцаана

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох санал гаргаж, Ерөнхийлөгч дэмжээд буй. Түүний томилгоог Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх юм.
Харин энэ томилгоог УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсэргүүцэж, нээлттэй сонсгол явуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулжээ. Энэ талаараа Ж.Батзандан мэдээлэл хийлээ.
“Нийтийн сонсголын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “Томилгооны сонсгол” хийх Ж.Батзандангийн саналыг дэмжиж 21 гишүүн гарын үсэг зуржээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Т.Аюурсайхан, Х.Баделхан, О.Батнасан, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, С.Жавхлан, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Г.Солтан, Д.Сумъяабазар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан, Л.Болд, Ж.Батзандан нарын гарын үсэг зурсан байна.
Гишүүдийн гарын үсэгтэй энэхүү саналыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж буй аж. Мөн УИХ-ын дарга болон байнгын хорооны дарга нарт Б.Хурцыг Элчин сайдаар томилох саналыг хэлэлцэхийг түр хойшлуулах хүсэлтийг тавьжээ.
Энэ талаараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зоригийн аллагын захиалагч нь тодорхойгүй байгаа. 14 хоногийн дараа хуульзүйн сайд С.Зоригийн хэргийг ил тод болгох тухай асуудлыг Засгийн газраар оруулах гэж байна. Үүнээс өмнө яаран сандран Б.Хурцыг Элчин сайдаар томилох нь буруу.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр тун удахгүй шийдэгдэнэ. Энэ асуудлыг шийдэхээс өмнө Б.Хурцыг томилж болохгүй.
Д.Энхбатаас гадна хууль бусаар өөр хоёр хүний аминд хүрсэн байна. Энэ асуудлыг нээлттэй сонсголоор ярихыг хүсч байна. Монгол Улсын иргэнийг тагнуулын ажилтан тусгай үүрэг гүйцэтгэх нэрийн дор гадаадаас хулгай хийж авчирдаг явдлыг зогсоохын тулд энэ нээлттэй сонсголыг хийж байгаа юм” гэсэн тайлбарыг өгөв.
Мөн тэрбээр “Тун удахгүй Өмнөд Солонгос энэ хүнийг хүлээж авахгүй, буцаана. Буруу үйлдэл хийж, Монгол-Солонгосын харилцаанд сэв суулгах шаардлага байхгүй. Монгол төр битгий алдаа гаргаасай” гэдгийг нэмж хэлэв.
Харин түүнийг Б.Хурц шүүхэд өгсөн талаар “Би хуульч хүн. Би аливаа асуудлыг үндэслэлтэй, баримттай, нотолгоотой тавьдаг. Би хүн гүтгэдэг, хэн нэгний мууг үзэхийг хүсдэг хүн биш. Би хууль тогтоогч. Нийтийн эрх ашгийн төлөө явах тангараг өргөсөн субект” гэсэн хариултыг өгөв.
Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-ын гишүүний саналыг хэлэлцэх товыг 14 хоногийн дотор тогтоох ёстой аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ