Хар тамхи хэрэглэсэн 25-35 насны залуусыг барьжээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдрийн байдлаар 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
Энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр байрлах нэгэн айлын гэрт хар тамхи хэрэглэж байж болзошгүй гэх мэдээлэл иргэдээс цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу Хар тамхитай тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулж, 25-35 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсныг тогтоожээ.
Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис, хэрэглүүр зэргийг хураан авсан байна.
Тухайн иргэдийг сэжигтнээр баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ