Б.Хурц: Танаас болж хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаа Элчин сайдыг томилох, чөлөөлөх болон дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Байнгын хорооны дарга О.Содбилэг хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүн Ж.Батзандан:
-Өнөөдөр өмнөд Солонгос улсад Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Б.Хурцтай холбоотой Д.Энхбат агсны гэр бүлийн өргөдөл байна. С.Зориг агсны аллагын захиалагчийг 14 хоногийн дараа зарлах гэж байна. Тиймээс Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийхээр УИХ-ын 21 гишүүн санал гаргаж, өргөдлөө өгсөн. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар сонсгол хийж болно гэсэн. Үүн хүндэтгэлтэй хандана уу. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж өгөөч гэж санал гаргаж байна гэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг:
-УИХ-ын 21 гишүүний гарын үсэг зурсан Томилгооны сонсгол хийх санал гаргажээ. Дэгээрээ гадаадад Элчин сайдаар томилох асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцдэг хэмээлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Нийтийн сонсгол гэдэг бол ондоо асуудал. 14 хоногийн дараа С.Зориг агсны аллагын захиалагчийг зарлана гэж байна. Энэ бол нууцлалтай асуудал. ХЗДХ-ийн сайд эсвэл ТЕГ-ын даргыг дуудаж ирүүлээд мэдээлэл авах хэрэгтэй. УИХ-ын гишүүнийг хүндэтгэж байна. Д.Энхбат гэдгийг би сайн мэднэ, өмгөөлөгч байсан. Харин Цогтбаатар гэдгийг мэдэхгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Томилгоотой холбоотой УИХ-ын гишүүний 4/1-ээс доошгүй хувь нь гарын үсэг зурсан тохиолдолд нийтийн сонсгол хийнэ гэсэн байгаа. Элчин сайдаар томилогдож байгаа ТЕГ-ын даргатай холбоотой эзэн биегүй асуудал нийгэмд яригдаад байгаа. Эргэлзээг тайлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Нээлттэй хэлэлцүүлэг хийх бичиг нь албажаад УИХ-ын даргад очсон уу. Т.Аюурсайхан гишүүний ярьсанаар нээлттэй сонсгол боловч цухас дурдаад байгаа зүйлүүд хаалттай сэдэв байна. Энэ хоёрыг яаж зохицуулах вэ? Элчин сайдаар томилох гэж байгаа хүнээ нийтийн сонсголоор оруулаад явуулахад тухайн хүний улсаа төлөөлөх нэр хүнд гээд олон асуудал гарна. Энэ хүнийг зөвшилцөх зөвшилцөхгүй гэдэг асуудлаа л шийдэх хэрэгтэй.
Ингээд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталлаа. Ингээд Элчин сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх н.Тэгшжаргал Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхэт Элчин сайд н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Б.Хурцыг нэр дэвшүүлж байгааг танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Солонгосын хойг олон улсын анхаарлын төвд байгаа. Бүс нутгийнхаа нөхцөл байдлыг нэр дэвшигч юу гэж үзэж байна. БНСУ-д манай иргэд олноор байгаа. Тэдний асуудлыг хэрхэн шийдэх гэж байна.
Нэр дэвшигч Б.Хурц:
-Солонгост манай 40-өөд мянган иргэд байна. Тэдний аюулгүй байдал тусгай чиг үүргээр хангагдана гэж ойлгож байна.
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Солонгосын асуудлаар нууцын зэрэглэлтэй асуулт асууж байна. Тиймээс үүнд хариулахгүй байх нь зөв байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би энэ асуудлыг хаалттай хэлэлцэх горимын саналыг гаргаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Горимын санал сэдвээ олоогүй байна. Өнөөдөр томилгооны асуудлыг зөвшилцөж байна. Япон, Герман зэрэг улсад суух Элчин сайд томилогдоод, Ерөнхийлөгчийн зарлиг гарсан хүмүүс хэзээ итгэмжлэх жуух бичгээ авах вэ. Элчин сайдаа томилж явуулахгүй байна гэдэг нь найрсаг харилцаатай орнуудын хооронд хийгддэг зүйл биш.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх н.Тэгшжаргал:
-Таван Элчин сайдын асуудал удааширсан. Эхнээсээ томилогдоод явж байгаа. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Нэр дэвшигч өмнөх албан хашиж байхдаа намайг шалгуулсан. БХ-ын сайд байхад шалгуулж, манай хоёр хүн нас барсан.
Нэр дэвшигч Б.Хурц:
-Миний өмнө нь хашиж байсан албан тушаалтай холбоотой асуудлыг ярьж байна. Уучлаарай, би хариулъя. Өмнө нь АТГ-т ажиллаж байсан үеийн асуудлыг хөндлөө. Л.Болд гишүүн та БХ-ын сайд байхдаа хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган ам.доллар авсан. Сая зургадугаар сарын 12-нд прокурорын бичиг нь ирсэн. Танаас болж хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Танаас болж хоёр хүн ял авсан. Н.Борбаатар генералыг битгий хутга. Зүрхний шигдээсээр нас барсан.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Улайм, цайм хүнийг гүтгэж байна. Сая Ц.Нямдорж сайдыг бас гүтгэсэн. Хүний нэр төрд халдаж байгаагийн төлөө хуулийн байгууллагаар явна шүү.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ