Ж.Батзандан: О.Баасанхүү бол хуульч нэртэй хулгайч

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох санал улс төрийн хүрээнд багагүй асуудлыг үүсгэж байна. Энэ томилгоог өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь өчигдрийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болдын нэр хүндэд халдсан асуудал яригдсан учраас дахин нягтлах шаардлагатай гэсэн гишүүдийн горимын санал дэмжигдэж, хэлэлцэх асуудлаас хаслаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд ийм байр суурь илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 21 гишүүний бүрэн эрхийг хүндэтгээд наад сонсголоо хий. Л.Болд гишүүнтэй холбогдуулж ярьсан асуудлыг тодруул. Олон улсын харилцааны туйлын эмзэг сэдвийг хөндөж эхэллээ. Монголын нэр хүндийг хөндөж эхэллээ. Энэ нийтийн эрх ашиг биш үү. Батлан хамгаалахын сайд нь зэвсгийн наймаа хийж байсан гэж Тагнуулын дарга нь ярьж байхад УИХ учрыг нь олоогүй байж томилгоо хийх үү.
Хэрвээ энэ асуудлыг хүчээр шийдэх гэж оролдвол нийтийн сонсгол хийх санал тавьсан гишүүд хуралдаанд оролцохгүй. Үндсэн хуулинд заасан хүний эрх, эрх чөлөө, нэр төрийн асуудлыг хөндөж эхэллээ. Тагнуулын байгууллага чинь шүүх юм уу.
О.Баасанхүү сүүлийн үед маш их юм мэддэг боллоо шүү. Тагнуулын даргатай уулзаж байхад гээд гурван удаа мэдэгдэл хийлээ. Сүрдүүлээд байгаа юм уу. Одоо Хойд Солонгостой очиж уулзсан болж таарлаа. Монголын тусгай албанаас бүгдийг мэддэг нэг дарга энд сууж байгаа юм байна л даа. Бусдын гар хөл болж, ингэж явдгаа боль, О.Баасанхүү чи.
УИХ-ын даргаа гишүүдийнхээ нэр хүндийг хамгаалах арга хэмжээ ав. Арай дэндэж байна. Гишүүдэд чинь ингэж халдаж байхад яагаад чимээгүй сууж байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би УИХ-ын гишүүний хувьд хэнтэй ч уулзана. Хойд Солонгос-Монголын парламентын гишүүний хувьд надад гомдол ирсэн. Би даваа гаригт албан ёсоор төрийн айлчлал хийнэ. Солонгосын хойгийн нөхцөл байдлыг яръя гэсэн юм. Та нарт инээдэмтэй сонсогдож магадгүй.
Би цэргийн хүний талд байна. Тушаал өгдөг хүмүүсийн араас яв л даа. Тэр Н.Багабандийг хай л даа. Н.Энхбаярыг, С.Баярыг үз л дээ. Тэр хүмүүсийн өгсөн үүргийг биелүүлээд явдаг цэргийн хүн. Энүүгээр шоудахаа боль.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ томилгооны сонсголыг явуулахгүй гэж бурантагтай гишүүд эсэргүүцэж байна. Элчин сайд нийтийн эрх ашгийг хөндөхгүй гэж зарим гишүүд ярьж байна. Солонгост байгаа 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах гэж явж байгаа биз дээ. Гурван сая Монголын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэж явж байгаа биз дээ. Хууль мэдэхгүй хуульч нэртэй гишүүдийн яриаг битгий тоо. Б.Хурцын машины хонины хонхорт явдаг хүний үгээр явахгүй. Тагнуулын гар хөл болсон хэдэн гишүүний үгээр УИХ ажлаа заалгахгүй. О.Баасанхүү бол миний араас явсан хуульч нэртэй хулгайч.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ