Өрхийн өрийн дарамт нэмэгдсэн

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариулж байна.

 

Гишүүд зээлийн хүү бууруулах, өрхийн өрийн дарамтыг багасгах талаар Монголбанкаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкнаас асуулж байлаа. Монголбанкны мэргэжилтний ярьсанаар  “Өрхийн өрийн дарамт нэмэгдсэн. Бид орон нутагт дахь арилжааны банкуудад шалгалт хийж, бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Өрхөд ирж байгаа сарын төлбөрийн дарамтыг бууруулах арга хэмжээ авна. Хэд хэдэн банкнаас давхар зээл авч байна. Үүнтэй холбогдуулан зээлийн нэгдсэн сангийн тогтолцоог сайжруулна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой хоёр төслийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож байна. Зээлийн долларжилтийг буулгах арга хэмжээ авч байна” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир:

 

-ЖДҮ-ийн эрсдлийн сан байдаг. ЖДҮ-ийн зээлд 60 тэрбум төгрөг  тавьсан. Зээлийн асуудлыг УИХ дээр хэлэлцэх хэрэгтэй. Арилжааны банкаар дамжихээр зээлийн асуудал хүндэрдэг. Хамгийн гол нь ЖДҮ-ийн зээл дээр ахиухан мөнгө тавих хэрэгтэй. Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого сайн боловсруулагдан гарч байна. Одоо томоохон төслүүдээ хэрэгжүүлэх  нь зүйтэй гэж бодож байна.  

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-2017 оны Мөнгөний бодлогын үр дүн гарсан уу. Энэ оны мөнгөний бодлогын үр дүнгээс ирэх оны үндсэн чиглэл хамаарна. Ирээдүй рүү чиглэсэн мөнгөний бодлогын эхлэлийг тавина гэж байгаа. Эдийн засгаа хөгжүүлэхэд манай бодлого байхгүй. УИХ нь алдагдалтай төсөв баталж, ажлын байр нэмэгдэхгүй, зээлийн хүү буурахгүй байна. Ирээдүй рүү чиглэсэн эдийн засгийн тэлсэн бодлогыг зоригтой авч хэрэгжүүлэх ёстой. АХБ-ны ажлын байр нэмэгдүүлэх төсөл ямар үр дүнтэй байна вэ?

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Ханш тогтворжуулах чиглэлээр ажил хийгдэж байгаа ажил сайн явж байгаа. Санхүүгийн зах зээлийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлыг өөдрөгөөр харж байгаа. Эцсийн үр дүн Монголбанкны жилийн эцсийн тайлангаар гарна. Монгол Улсын гадаад валютын нөөц 2.2 тэрбум ам.доллар байгаа.  Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байна. Хадгаламжийн ам.доллар багасч байгаа. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагаас Монголын эдийн засгийг нааштайгаар дүгнэсэн.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Жилээс жилд төсөв данхайж байна. Тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо төсөв нэмэгдүүлэхээр зорьж байна. Бид 2019 оноос урсгал зардлаа дийлэх үү. Энэ чиглэлд мөнгөний бодлогод дорвитой шийдвэр гаргамаар байна. Том төсөл хөтөлбөр хэрэгжиж байж дагалдаж ЖДҮ хөгжинө.  Ирэх онд та бүхэн том төсвөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж ярьж байна. Жилд дунджаар 55 мянга орчим хүн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байна. Маш олон үйлдвэр хаалгаа барьсан. Шинээр сургууль төгсөж байгаа хүмүүсээ хаана шингээх вэ? Бид том төсөл хөтөлбөрүүдээ намчирхалгүй явуулах тал дээр бодитой зүйл хийх хэрэгтэй.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

 

-ТЭЗҮ нь боловсрогдсон, санхүүжилт нь бэлэн болсон төсөл тун цөөхөн байна. Үүнийг л Засгийн газарт үүрэг өгч байгаад шамдуулах хэрэгтэй. Тавантолгой, төмөр замаас авахуулаад том  төслүүдээ хөдөлгөх улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй. Японд “Тоёото”-г дагаад 1200 сэлбэгийн үйлдвэр байдаг. Тиймээс “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийн дагалдах материалыг импортоор авах биш монголдоо үйлдвэрлэх хэрэгтэй. 

 

Ийнхүү гишүүд асуулт асууж дууслаа. Одоо ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ