Хүүхдэдээ тоглоом сонгохдоо хаяг шошгыг нь анхаарна уу

Импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомын чанар, аюулгүй байдал анхаарал татсан асуудал болжээ. Манай улс 10 гаруй орноос жилд нэг сая орчим тоглоом импортолдог юм байна. Үүний инхэнийг урд хөршөөс оруулж ирдэг бөгөөд тэд ихэвчлэн чанарын шаардлага хангахгүй байна.
МХЕГ 10 улсаас импортолж буй 18 мянга гаруй тоглоом, 129 цэцэрлэгт хэрэглэж буй тоглоомонд судалгаа хийжээ. Судалгааны хүрээнд импортын болон цэцэрлэгүүдэд хэрэглэж буй тоглоомуудаас 92 удаа дээж авч шинжлэхэд физик, химийн хүнд медаллын хэмжээ стандартаас хэтэрсэн зэрэг ямар нэгэн зөрчил илрээгүй аж. Харин чанарын шаардлага хангахгүй тоглоом зах зээлд байсаар байгааг хувь хүн хилээр нэвтрэхдээ уг тоглоомыг их, бага хэмжээгээр оруулж ирж байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн хүүхдийн тоглоомын стандартад олон шаардлага байдаг ч судалгааны хүрээнд хийсэн шинжилгээгээр мэдрэхүйн үзүүлэлт буюу өнгө, физик, будгийн тогтворжилт, металлын агууламжаас хар тугалга зэрэг ерөнхий үзүүлэлтийг шинжилжээ. Учир нь, манай улсад үүнээс илүү нарийвчилсан шинжилгээ хийх лаборатори байдаггүй юм байна. Тиймээс өнөөдөр хүүхдэд тань шууд хор учруулахгүй ч ирээдүйд хэрхэх нь мэдэгдэхгүй тоглоомноос хүнсний бүтээгдэхүүн сонгодог зарчмаар гарал үүслийн бичигтэйг нь сонгож өөрийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байна.
Л.Гэрэлмаа: Чанаргүй тоглоомонд байцаагчдаас гадна иргэд хяналт тавих хэрэгтэй
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаагаас хүүхдийн тоглоомын чанарын талаар тодруулаа.
-Судалгааны хүргээнд 92 дээжээс ямар нэгэн зөрчил илрээгүй гэж байна. Гэтэл зах зээлд чанаргүй тоглоом байсаар байна. Энэ юутай холбоотой вэ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомын судалгааг зургаан сарын хугацаанд явуулсан. Судалгаагаар лабораторын шинжилгээнд хамруулсан 92 дээжээс ямар нэгэн зөрчил илрээгүй. Харин иргэд хилийн боомтоор нэвтрэхдээ “өөрийн хүүхдэдээ авч байгаа юм” гэсэн нэрээр их, бага хэмжээгээр ил, далд чанарын шаардлага хангахгүй, гарал үүслийн бичиггүй тоглоом оруулж ирж байгааг нуухгүй. Тиймээс бид үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн тоглоом импортлогч, худалдаалагч, аж ахуйн нэгж байгууллагад зориулан сургалт зохион байгуулж байна. Цаашид бид хяналтыг сайжруулах, лабораторийг нэмэгдүүлэх зэрэг ажил хийх шаардлагатай байна.
-Хүүхдийн тоглоом чанарын шаардлага хангасан эсэхийг хэрхэн таних вэ?
-Тухайн тоглоом дээр хүнсний бүтээгдэхүүнтэй адил шошго байдаг. Тэнд хэдэн насны хүүхэд тогловол зохимтой, ямар улсад үйлдвэрлэсэн, ямар материал орсон, хэрэглэх, угааж, цэвэрлэх заавар зэргийг нарийвчлан бичсэн байдаг. Бичихдээ томоор буюу 12 шрифтээр тэмдэглэсэн байх ёстой. Зах зээлд байгаа тоглоомонд ийм шошго, тэмдэглэгээ байхгүй байна. Үүд МХЕГ-ын байцаагчдаас гадна иргэд хяналт тавих хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүн байвал худалдан авахгүй байх хэрэгтэй байна.
-Шаардлага хангахгүй тоглоом оруулж ирж байгаа иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ?
-Хуулийн дагуу олон шаардлага бий. Судалгааны хугацаанд БНХАУ, БНСУ-аас гарал үүслийн бичиг нь тодорхойгүй тоглоомууд орж ирснийг 200 мянган төгрөгөөр торгож, тоглоомыг нь хураасан.
-Цэцэрлэгүүдийн тоглоом ихэвчлэн хаанаас орж ирж байна вэ. Чанарын шаардлага хангаж байна уу?
-Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын тухай хуулинд цэцэрлэгүүдийн тоглоомыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төсвийн хөрөнгөөр хангах ёстой байдаг. Бидний хийсэн судалгаагаар цэцэрлэгийн тоглоомын 49.5 хувь нь БСШУСЯ, болон боловсролын газраар дамжин орж ирсэн байна. Үлдсэн хувийг төсөл хөтөлбөрийн хүрээнд, эцэг, эхчүүдээс авсан байна. Мөн нийслэлийн цэцэрлэгүүдийн тоглоомын 66.5 хувь нь чанарын баталгаатай байсан бол орон нутагт 9.6 хувь нь баталгаатай байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ