О.Баасанхүүг МАХН-аас хаслаа

МАХН-ын Гүйцэтгэх хороо О.Баасанхүү гишүүнийг бохир улс төр хийж байгаа талаар мэдээлэл хийлээ. Хорооныхон О.Баасанхүү гишүүнийг “Олигархуудын гар хөл болж, эздийнхээ захиа даалгавраар эх орн, намын эрх ашгийг хохироосон” гэлээ. Мөн энэ талаар гурван баримт дэлгэсэн юм.
- Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажиллаж, өрсөлдөгчийг нь илт дэмжин, тэдэний ялалтыг луйвардах боломж олгосон.
- “Эрдэнэт” компанийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын бүх иргэдэд хувьцаа болгон олгох талаар гаргасан тогтоолд эсрэг санал өгч, Эрдэнэтийн иргэд төдийгүй Монголчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн.
- Олон хүний эрхийг зөрчиж, хэлмэгдэл гардан явуулсан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцынг өмгөөлөн хамгаалж, чухамхүү хэний гар хөл болдогийнхоо үнэн нүүр царайг илчилсэн гэжээ.
Мөн гүйцэтгэх зөвлөл “О.Баасанхүү нь МАХН-аас нэр дэвшсэний ачаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон мөртлөө биеэ хэт тоож МАХН-ын Бага чуулган, Гүйцэтгэх товчооны хуралд ирдэггүй, намын үйл ажиллагаанд огт оролцдоггүй, намын нөхдийн дунд нэр хүндээ алдсан. Түүний улс төрийн намын хууль, намын дүрмийг удаа дараа зөрчсөн үйлдэл МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байна” гэлээ. Түүнчлэн О.Баасанхүүг МАХН-ын нэрийн өмнөөс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүйг албан ёсоор мэдэгдлээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ