НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа

img

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хүүхдийн засаглалын хөтөлбөрийн менежер Э.Цолмон “Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар тайланд нийтдээ 50 төрийн бус байгууллага бүхий таван үндэсний сүлжээ байгууллага оролцож байна. Мөн "Дэлхийн Зөн Монгол" хүүхдийг ивээх олон улсын байгууллага оролцож байгаа. Хүүхдийн эрхтэй холбоотой олон асуудал байна. Тухайлбал, хүүхдийг хурдан морь унуулах асуудал юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээний талаар 138 дугаар конвенц, мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай 138 дугаар конвенц байдаг.

 

 

Манайх эдгээр конвенцийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна. Мөн Засгийн Газар хүүхдийн эрхтэй холбоотойгоор өмнө нь гаргасан шийдвэрээсээ ухрахыг байхыг зөвлөмжид тусгасан. Өөрөө хэлбэл, хөдөлмөрийн сайдын насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад заасанчлан жил бүр арваннэг дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морь, уяа сунгаа, үсэргээ, уралдаанд хүүхдийг оруулахгүй гэдэг зүйл заалтаа барихыг хүсч байгаа юм. Ийнхүү хүүхдийн амь насанд аюул учруулсан этгээдэд хариуцлага тооцохыг хорооноос зөвлөсөн" гэлээ.

 

Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газрыг энэхүү дүгнэлт зөвлөмжийн ач холбогдлыг ойлгон, конвенцын бүх зүйл заалтын уялдаа бүхий, салшгүй, харилцан хамааралт байдлыг анхааран ажиллахыг сануулж байгаа юм.

 

 

Ялангуяа хөрөнгө нөөцийн хуваарилалт, хүүхдийн эрх ба бизнесийн салбар, ялгаварлан гадуурхахгүй байх, гэр бүлийн орчин, байгаль орчин ба эрүүл мэнд, мөн хүүхдээр морь унуулах, хүнд хөдөлмөр эрхлүүлэх зэрэг эдийн засгийн мөлжлөгийн эсрэг чиглэлээр хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авахыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо шаардаж буйгаа энэ үеэр илэрхийллээ.

 

Мөн энэ үеэр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө өгч буй агаарын бохирдлын тухай судалгаа, мэдээллийг танилцуулсан юм.

 

Р.Дулам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ