Т.Намжил: Хүүхдэд заналхийлсэн, доромжилсон үг хэлэхээ зогсоо

img

 

Энэ оны эхний арван сарын байдлаар 745 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ.  Мөн он гарснаас хойш 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөөд байна. Хүүхэд гэмт хэрэгт холбогдож, хүчирхийллийн золиос болж байгаа нь эцэг, эхийн хараа хяналт, үүрэг сул байгаагаас үүдэлтэй.  Энэ асуудлын гарц, шийдлийг хайж “хүүхдийн” гэх тодотголтой байгууллагууд нэгдэн “Хүүхэд хамгаалал, эцэг ,эхийн үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг яг одоо зохион байгуулж байна.

 

 

 

Д.Будзаан: Хүүхдээ үл хайхрах,  гуйлга гуйлгуулах нь Эрүүгийн зөрчилд тооцогддог

 

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Будзаанаас  хараа хяналт сул байдлаас болж хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эцэг, эхэд ямар хариуцлага тооцохыг тодрууллаа.

 

-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа нь юутай холбоотой вэ?

 

-Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 2015 онд 1100, 2017 онд 700 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байдаг.  Гэмт хэргийн улмаас хохирч байгаа хүүхэд нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, цахим орчин, сөрөг мэдээллээс болж байна. 

 

-Хүүхэд холбогсон гэмт хэрэгт ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

 

-Хүүхэд хүчин, залилан зэрэг хэрэг их холбогдож байна. Өмнө нь ийм хүүхэд ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол гарч байгаагүй.

 

-Хараа хяналт сул байсны улмаас хүүхэд гэмт хэрэгт хологдож байгаа тохиолдолд эцэг, эхэд хариуцлага тооцох журам байдаг уу?

 

-Эцэг, эхэд хуулийн хариуцлага тооцох журам байдаг. Үл хайхарсан, хүүхдээрээ гуйлга гуйлгуулсан зэрэг нь Эрүүгийн зөрчилд тооцогддог. Ямар хариуцлага тооцох нь тухайн хэргээс шалтгаалах бөгөөд эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

 

 

-Эцэг, эхэд хуулийн хариуцлага тооцох  тогтолцооны хэрэгжилт сул байдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

 

-Хэрэгжихгүй байх тохиолдол бий. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн төлөө хууль, хяналтын байгууллага ажиллана.

 

Л.Бадамцэцэг: Гэр бүлийн тогтолцоо эрүүл байж хүүхдийг хамгаална

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхдийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэгээс хүүхэд хамгаалал ямар байгааг тодрууллаа.

 

-Хүүхдээ хайхрахгүй байх гэдэг нь зөвхөн өлсгөхгүй, дааруулахгүй байх тухай асуудал биш байх. Энэ ойлголтын тодорхойлолтыг хэлэхгүй юу?

 

-Хүүхдийг хайраар дутаах, хувцас, хоол унд, орон байраар дутаах зэрэг нь  үл хайрахад тооцогдоно. Гэхдээ эцэг, эх боломжгүйгээсээ болоод эдгээр хэрэгцээг хангаж чадаагүй тохиолдолд гэр бүлийг дэмжих нь хамгаас чухал.

 

-Архины хармааралтайгаас болоод ч юм уу хүүхдээ хайхрахгүй байгаа тохиолдолд тухайн хүүхдийг төр хамгаалалтад авах гэхээр эцэг, эх нь зөвшөөрөхгүй байх нь бий. Энэ тохиолдолд хэрхэн ажилладаг вэ?

 

-Хүүхдийн тусламжийн утас 108-д заналхийлсэн, хүчирхийлсэн зэрэг хүүхдэд холбогдсон бүх дуудлага дээр мэргэжлийн баг очиж, шаардлагатай тохиолдолд тухайн хүүхдийг хамгаалах байрандаа авдаг. Мөн гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Архины хамааралтай бол эцэг, эхийг нь архины эмчилгээнд явуулдаг. Хүүхдээ хүмүүжүүлэх мэдлэггүй бол сургалтанд хамруулж зан хүмүүжилд нь нөлөөлдөг. Гэр бүлийн тогтолцоо эрүүл байж хүүхдийг хамгаална. Дулаан хувцасгүй, идэх хоолгүй байгаа айлыг ажил хөдөлмрөөр хангах шаардлагатай байдаг.

 

-Гэр бүлийн уур амьсгалыг эрүүлжүүлэх тогтолцооны хэрэгжилт сул байх шиг санагддаг.   Одоогоор танай байгууллага хэчнээн хүүхдийг хамгаалалтандаа авч, хэдэн гэр бүлийн уур амьсгалыг сайжруулаад байна вэ?

 

-Гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал гэдэг зарчим үйлчилдэг. Тиймээс хамгийн түрүүнд шуурхай байдлаар хүүхдийг хамгаалаад энэ хугацаанд гэр бүлтэй нь ажилладаг. Сум, хорооны хамтарсан багийн бүртгэл мэдээлэл дээр төвлөрч үйл ажиллагаа явуулдаг. Хамгаалах байранд 72 цагаас 30 хоног л байлгадаг. Халамжийн төвийн ажилчид хэчнээн сайн ажиллаа ч гэр бүл, эцэг эхийг нь орлож чадахгүй. Тиймээс архины хамааралтай бол эмчилгээнд явуулах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зэрэг гэр бүлийг дэмжин ажиллах нь чухал.

 

Т.Намжил: Сөрөг үг хэллэг зонхилбол үгэн хүчирхийлэл болно

 

Хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжилаас лавлалаа. Тэрбээр хүүхдийг эхийн хэвлийд байх үеэс хүмүүжилд нь анхаараах ёстойг онцолж байлаа. Мөн “Хүүхдээ есөн сар тээхдээ уурлаж, баярлаж байсан нь хүүхдэд тусдаг. Эхийн хэвлийд байхад нь анхаараагүй бол хүмүүжил тэр хэвээр явах нь бий. Нийгмээс нөлөө үзүүлэх ч төрлөх чанарыг өөрчлөнө гэдэг төвөгтэй асуудал. Мөн гэр бүлийн орчинд эцэг, эх ямар байсан хүүхэд яг л тийм болж хүмүүждэг. Эцэг, эх бие, хэл, сэтгэлээрээ хүүхдэдээ үлгэрлэж, хянаж байдаг. Эцэг, эхчүүдэд нэг зүйлийг анхааруулж хэлье. Хүүхдэд заналхийлсэн, доромжилсон үг хэлэхээ зогсоо. Гэр бүлийн харилцаанд сөрөг үг хэллэг зонхилбол үгэн хүчирхийлэл болно. Бүх сөрөг зүйл үгэн хүчирхийллээс болж байна. Эцэг, эхчүүд үгээ бодож хэл. Хүүхдийнхээ зүрхэнд шар ус бүү хуруул. Харилцаандаа анхаарч, сэтгэлзүйг нь төвшин авч яв гэж анхааруулъя” гэлээ.  

 

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mongold ajilguidel, arhidalt , Tor ni zambaraagui irgenee hairhrahaa baisan dendyy ih bayar zengel, zugaazah umnuud hiideg bolsonii gai,,,,huvi hymyysch oorsdoo dendyy archaagui bolson
2017-11-22
irgen:
mongold ajilguidel, arhidalt , Tor ni zambaraagui irgenee hairhrahaa baisan dendyy ih bayar zengel, zugaazah umnuud hiideg bolsonii gai,,,,huvi hymyysch oorsdoo dendyy archaagui bolson
2017-11-22