НИТХ-ынхан АН, МАН-аараа талцан, барьцав

НИТХ-ын хуралдаан эхэллээ. Өглөө 09.00 цагт зарлагдсан хуралдаан 10 цаг өнгөрч байхад эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Сүүлийн үед НИТХ-ын ирц бүрдэхгүйгээс хэлэлцэх асуудал хойшлох, шийдэгдэхгүй байх асуудал үүсч буй. Өнөөдрийн хуралдааны эхэнд ирц бүрдүүлэлтийн асуудал хөндөгдөв. НИТХ-ын дарга С.Амарсайхан ирц бүрдүүлэх асуудал АН, МАН-ын бүлгийн дарга нарын асуудал гэдгийг хэлэв. Харин НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хурлын дарга аа, та бидний дарга биш, хурлын дэгийг сахиулах үүрэгтэй хүн. Хурлыг 09 цагт зарлачихаад байнга 10.30 цагт эхлээд байгаа юм бэ. Дэгээ мөрдүүлээд ажиллая” гэсэн үгийг хэллээ.
Энэ асуудлаар төлөөлөгч Н.Батсүмбэрэл: Төлөөлөгчид хуралдаа оролцохгүй байгаа нь бодит үнэн. Улаанбаатар хотын дарга байсан хүн алга. Улаанбаатар хотын ажил, амьдрал тэр хүнд хамаагүй байна. Улс төрийн намууд ирцэндээ анхаарахгүй байна. АН-ын бүлгийн 11 хүний 5 нь байна. МАН-ын бүлэг ирцэндээ онцгой анхаарах ёстой. Дийлэнх олонх болсон МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа гэдэг манай бүлгийн асуудал гэсэн байр суурийг илэрхийлэв.
Харин хариуд нь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Ирц бүрдүүлэлт бол 45 суудлын 76 хувийг бүрдүүлж байгаа нийслэлийн удирдлагуудын асуудал. Та нар нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан хүний ирцийг бүртгэж байна. Өөрсдийнхөө ирцийг бүртгээч. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хуралдаа суусангүй. Энэ нам нийслэлийн хөгжилд дэвшилд яаж хандаж байгаа нь харагдаж байна. Та нар нэрлэж байгаа бол адилхан нэрлэж болно хэмээн НИТХ-ынхан нам, намаараа талцан барьцав.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ