“Төрийн мэдээлэл” -ийн 1000 дахь дугаарыг музейд хүлээлгэн өглөө

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
"1991 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж гарснаас хойш 26 жилийн хугацаанд эмхэтгэлийн 1000 дугаарт нийт 14 мянга гаруй хууль эрх зүйн акт нийтлэгдсэн" хэмээн ёслолын ажиллагааны эхэнд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар онцолсон.
Эмхэтгэлийн 1991 онд хэвлэгдэн гарсан анхны болон 1000 дахь дугаарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн зөвлөлийн дарга Ц.Цолмон Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр энэ үеэр, “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүх, төрийн байгууллагууд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хуулийг барьж ажилладаг, өдөр тутмын үйл ажиллагаандаа энэ эмхэтгэлийг ашигладаг. Төрийн байгууллагууд албан журмаар энэ сэтгүүлийг албан хэрэгцээндээ ашигладаг гэсэн үг. 26 жилийн хугацаанд энэ сэтгүүлийг хэвлэн гаргахад манай УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, хэвлэлийнхэн хариуцлагатай хэвлэн нийтэлдэг. Энэ үйл явдлыг тохиолдуулаад “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг эмхэтгэн гаргаж байсан үе үеийн ажилтнууддаа баяр хүргэе хэмээн хэллээ.
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн эрхлэгч асан Ж.Нэргүй “ Анх 1926 онд БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл нэртэйгээр хууль тогтоомжийн анхны сэтгүүл гарч байсан түүхтэй. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тухайд Үндсэн хууль болон бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг цорын ганц хэвлэл. Хуульд өөрөөр заагаагүй бол “Төрийн мэдээлэл”-д нийтлэгдсэнээр хууль хүчин төгөлдөр болдог. Мөн Улсын дээд шүүх болон бусад шүүх албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэгжүүлэх эрхгүй гэсэн заалттай. Үндсэн хуульд заасан төрийн ганц хэвлэл гэдгээрээ онцлог" хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ