Чехийн визийн ярилцлагын товыг утсаар тогтоодог боллоо

img

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн систем эхлүүлж байгаагаа мэдэгдэж өнөөдөр Гадаад харилцааны яаманд хэвлэлийн хурал хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

Хуралд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский, Консул Вацлав Добеш, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар ирсэн юм. Энэ үеэр Элчин сайд Ийржи Бродский "Монгол Улсад хэрэгжүүлж байсан визапойнт бүртгэлийн систем энэ сараар дуусгавар болж байна. Энэхүү системийг зөвхөн Монгол Улсад ашиглахаа больж байгаа юм биш. Дэлхийн 37 оронд уг системийг хаасан. Ингэснээр Виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд зориулсан шинэ системийг энэ сарын 24-нөөс эхлэн хэрэгжүүлэх болсноо үүгээр дуулгаж байна" гэсэн юм.

 

Шинэ систем ашиглалтад орсноор Шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэх гэж буй өргөдөл гаргагчид ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 70110223 утасны дугаар руу залгах юм. Нэг виз мэдүүлэгч=нэг дуудлага гэсэн дүрэм мөрдөгдөх бөгөөд насанд хүрээгүй хүнд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар Шенгений виз мэдүүлэх тохиолдолд нэг утасны дуудлагаар асран хамгаалагч ярилцлагын тов авахдаа давхар бүртгүүлэх боломжтой. Ажил эрхлэлтийн картыг зөвхөн насанд хүрсэн буюу 18-аас дээш насны хүн мэдүүлэх аж. Утсаар ярилцлагын тов тогтоох бүртгэлийн систем нь тухайн дугаар руу холбогдсон виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүснэ. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагандаа хүрч ирээгүй тохиолдолд түүний оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй ба тухайн виз мэдүүлэгч шинээр ярилцлагын тов авах юм.



Мөн шинээр нэвтрүүлж буй бүртгэлийн системд зориулсан 70110223 дугаарын утасны бүх яриаг бичлэг болгон хадгалах ажээ.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ