МАХН О.Баасанхүүг хөөж, төрийн 124 саяын санхүүжилтээс татгалзах уу

МАХН-ын Гүйцэтгэх товчооноос мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас “хөөсөн” гэх мэдээллийг хийсэн юм. Түүнийг БНАСАУ-д ажлын айлчлал хийх үеэр нь энэ мэдээллийг өгсөн юм. Түүнийг
- Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажиллаж, өрсөлдөгчийг нь илт дэмжин, ялалтыг луйвардах боломж олгосон.
- “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын бүх иргэдэд хувьцаа болгон олгох талаар гаргасан тогтоолд эсрэг санал өгч, Эрдэнэтийн иргэд төдийгүй монголчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн.
- ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, хэний гар хөл болдгоо илчилсэн гэх шалтгаанаар МАХН-ын гишүүн байх эрхгүй гэж мэдэгдсэн юм.
Харин энэ асуудалд О.Баасанхүү өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Намайг МАХН-аас хөөсөн мэт мэдээлэл өгч байгаад би эгдүүцэж, буруутгаж байна. Энэ нь надад гайтай биш. Харин МАХН-д илүү хор учирч байгаа. Учир нь парламентад суудалтай намд улсаас жилд нэг удаа 124 сая төгрөгийн санхүүжилтийг намын данс руу шилжүүлдэг. Энэ мэдэгдлээс нь болоод парламентад суудалтай, суудалгүй нь эцэслэн шийдэгдэх хүртэл Сангийн яамнаас МАХН-д санхүүжилт олгохгүй” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрбээр “МАХН дүрэмтэй. Тэндээ хоёр жилд нэг удаа намын их хурал хийнэ гэж заасан. Бид 2011 онд Дээд шүүхэд бүртгүүлсэн. Үүнээс хойш нэг ч удаа намын их чуулган хийгээгүй. Хоёр жилд нэг удаа намын даргын ажлын тайланг сонсох ёстой. Нэг ч удаа сонсоогүй. Тиймээс бид намын их хурлыг 1206 төлөөлөгчтэй хийхээр 21 аймаг 360 суманд төлөөлөгчид ажиллаж байгаатай давхцуулан саад болохоор гүтгэж байна” хэмээн ярилаа.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ