“ЭР ХҮН” шиг УЛСТӨРЧИД

Хүчний байгууллагын хоёр талын жигүүрээс манлайлагч Б.Хурц, Ц.Нямдорж нарын сөргөлцөөн энэ 7 хоногт дахин “сэдрэх ” магадлалтай. Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх чимээ тасраагүй ба Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нарын хоёр талаас харилцан хийсэн хатуу мэдэгдлийн хүрээнд шүүхэд бүртгэгдсэн нэр төр сэргээх өргөдлийн дугаар нэлээн олон болсон. Үүн дээр цувралаар бие бие рүүгээ чиглүүлсэн хоёр ч цензургүй дайралтын завсарт нэр дуудагдсан зарим экс тагнуулч, улстөрчид ч “эр хүн” шиг байж чадахгүй нэр төр сэргээлгэх өргөдлөө өгцгөөв.
Монгол үнэхээр өвөрмөц ардчилалтай ажгуу. Нэр төр сэргээлгэх шүүх хурал болохыг хэн ч хүлээж тэссэнгүй. Дор бүрнээ бие биенээ сошиал тивийн олон нийтийн шүүхээр оруулаад зохих буруутан гэдэг шошгыг нь зүүлгээд эхэлжээ.
Олны мэдэх нэг шог хэсгийг нь энд сэргээн харцгаая. Гуяыг нь зөөлөн базаж, хальт ална гэсэн төдийд хамаалагч авсан гэж Ж.Батзандан гишүүнийг чуулганы эрчүүд тун их шоолж буй бололтой. Цензургүй дайралтад өчсөнөөр бол Ж.Батзандан харин Б.Хурцыгаа найрсгаар алгадаж, аяархнаар “ална шүү” гэсэн бололтой юм. Б.Хурц тагнуулч ба бусад улстөрчид гэсэн энэхүү бие биенээ илчлэх хэрүүлийн тойрогт хэн нь гүтгэж, гүтгүүлснийг шүүх тогтоох биз. “ Амьд гэрчтэй хэрэг илрэнэ дээ...” гэж мушийх хуульчид олон байгаа. Төрийн ордонд ер нь эмэгтэй гишүүдийг хасаад харахаар эр хүн шиг байх жилийн аян өрнөсөн мэт. Эр хүн шиг байх тухай ордноос ниссэн энэхүү сургаал, бие даан судлагдахуун, цаашлаад номлол болон залууст хүрч, нийгэмд шүүхийн шийдвэрээс илүү нөлөөлж байх язтай.
“Төрийн хүн” шиг бай гэдэг үг тордоод татаад ч явахаа байжээ. Харин эр хүн шиг шанаа авч сурах, ална тална гэж Төрийн ордонд хэл хальтрахыг найтаахын дайтай ойлгоод аятайхан хүлээгээд авчихдаг байх сургаал нэлээн өндөр авлаа. Манай түшээд олон дархан эрхтэй байдаг. Үүний нэг нь чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Үүнийг задлаад харвал чуулганы босгоноос цаана ёс зүйгүй үг, үйлдэл гаргавал маний адил хариуцлага хүлээнэ гэж ойлгогдоно. Гэхдээ үүнийг хуулиас ч хүчтэй үйлчлээд байгаа эр хүн шиг байхтай хольж хутгаж бас болохгүй юм байна.
Харин гадаа хууль хэрэгждэг жирийн ардад бол Төрийн ордны дотор хараах байтугай олон нийтийн газар нус цэрээ хаяхад Зөрчлийн хуультай. Аль нэг цагдаагийн хэсгийн үүдэнд дөхөж очоод шалгаад үзээрэй, яс хэрэгжинэ шүү.
Ер нь бол тагнуулч ба сайд хоёрын цайрсан тулааны ард улстөрчид өөрсдийнхөө нэр хүнд рейтинг ямар байгааг нэг харчих хэрэгтэй юм.
Б.Хурц улстөрч биш тагнуулч хүн тул олон нийтэд маш сонирхолтой фигур. Энэ тагнуулч, улстөрч биш тул түүний ноцтой мэдэгдэлд нь хүмүүс итгэх дуртай. Түүний сүүлийн үед хийж буй мэдэглүүд улстөрчдийн хөлсийг чийхруулж байх тул жирийн иргэдэд “найс” байгаа юм. Улстөрчид дандаа худлаа ярьдаг тул хоёр дахь нүүрийг нь харуулж магад гэсэн мухардсан итгэл энд байна. Цааш нь яриулах уу, байх уу гэж эргэлзэх хэрэггүй. Нээлттэй хэлэлцүүлэг нь болоод энэ хэдийн булайг дэлгээд байгаасай гэж хуурай дэмжих хар масс байгаа нь мэдрэгдэж байна. Манай эр хүн шиг харагдах дуртай улстөрчид, төрийн түшээд нэр хүндээ, олны итгэл хүндлэлийг хол алдсаныг харуулж байна. Ж.Батзандан олон жил нухсан шудрага тэмцэгч имижтэй ч эцсийн дүндээ урваж худал хэлэхэд бэлэн гэдгээ нотолсон улстөрчийн бүлгийн нэг эд, эс болж харагдах тул масс түүнд үл итгэх. Үүн дээр ганц шанаа, хатуу үг даадаг болж байж ордонд орж суух талаарх Д.Эрдэнэбат гишүүний номлол улам буруу ташуур өгч, хэм хэмжээ давсан ч бай тагнуулчийг дэмжигсэд сошиалд нэмэгдэж байгаа юм.
Энэ эр хүн шиг байх түшээдийн цуврал хол үргэлжилнэ. Эхнээсээ нам дотроосоо сугарахдаа мэдлэгтэй чадвартай нь бус мөнгөтэй бэлтэй, хорчин нь нэр дэвших мандатаа авч түшээ болох гараа нь тавигддаг тул бариа нь тодорхой. Энэ учир дээр хууль баталдаг Их хуралд ёс зүйтэй бус эр хүн шиг байх тухай номлолыг шүтэгсэд өдөр өдрөөр нэмэгдэж буй.
...Төр нь төр шиг, улстөрчид нь эр хүн шиг баймаар байна. Ингэхгүй бол ард түмэн бидэнд итгэхгүй байна.... Эр хүн бол эр хүн шиг л байх хэрэгтэй. Гурван хатуу үг, гурван хатуу цохилтыг даадаг байх л хэрэгтэй.... Энэ цөөхөн ишлэл бол баар уушийн газар биш хууль тогтоох танхим, Төрийн ордонд хаанчилж байгаа үгсүүд боллоо...
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ