Б.Хурцын асуудлаарх дүгнэлтийг УИХ-ын даргад танилцуулна

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Ж.Батзандан нарын нэр бүхий гишүүд Б.Хурцын асуудлаар томилгооны нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Энэ дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан томилгооны сонсгол явуулах эсэх асуудлаар хуралдаж, дүгнэлт гаргасан.
Ажлын хэсэг уг дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй. Энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Дүгнэлттэй холбоотой байнгын хорооны гишүүдээс гарсан саналыг нэмж, тусган, УИХ-ын даргад танилцуулахаар болжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ