Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон

Ц.Оюунгэрэл, Жеффи Л.Фолт нарын “Жаран цагаан хонь” ном бэлэн болж, өнөөдрөөс уншигчдын гарт очлоо. “Ногоон нүдэн лам” романы II дэвтэр болох тус номын нээлт Интер номын дэлгүүрт болов. Номын нээлтэд зохиогчоос гадна тухайн романы бодит дүр болсон ахмадууд, уншигчдын төлөөлөл оролцлоо.
Номын зохиогч Ц.Оюунгэрэл “Бидний өвөг дээдсийн жаргал, зовлонгийн тухай өгүүлэхийг зорилоо. Би ийм түүхийг олж мэднэ гэж бодоогүй. Ногоон нүдэн лам романыхаа II дэвтрийг бичихдээ арай аз жаргалтай, шоронгоос ирсэн Баасан лам арай илүү жаргасан, сайхан цагийг бичих магадлалтай гэж бодож байсан. Гэвч бичиж эхэлтэл ганц Баасангийн биш Монголын малчин ардын зовлон гарч ирсэн. Бидний түүхийн сурвалж бичигт байхгүй тийм зовлон, жаргалыг мэдсэн. Баасан ламын үлдсэн бүх амьдралыг бичье гэж бодсон ч чадаагүй. Учир нь тавхан жилийн амьдрал, үйл явдлыг бичихэд 586 хуудас болчихсон” хэмээн ярилаа. Мөн тэрбээр романаа настай хүмүүсийн аман эх сурвалжид тулгуурлан бичсэн гэдгээ хэлж байна.
Номын “Жаран цагаан хонь” нэрийг хамтран зохиогч Жеффи Л.Фолт өгсөн аж. “Жаран цагаан хонь” гэдэг нь дууны нэр юм байна.
Баасан, Сэндмаа нарын хувь заяа, хайр дурлал хэрхэн үргэлжлэх болоод Монгол Улсын түүхийн нугачаа, нууцлагдмал байсан он цаг, үйл явдлын тухай “Ногоон нүдэн лам” романы II дэвтэр болох “Жаран цагаан хонь” романаас уншиж болох нь.
Ц.Оюунгэрэл, Жеффи Л.Фолт нарын “Жаран цагаан хонь” роман номын дэлгүүрүүдэд өнөөдрөөс эхлэн зарагдаж байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ