Б.Хурцын томилгоог маргааш хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Гишүүн Л.Болд "Б.Хурцын томилгоотой холбогдуулан Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж, нэр төрөө сэргээх хэрэгтэй байна" гэсэн бол гишүүн А.Сүхбат Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг татахыг хүслээ. Учир нь уг хуулийн төсөл нэрнээсээ эхлээд асуудалтай хэмээсэн юм. Харин гишүүн Д.Тэрбишдагва "Оффшор дансны асуудлаар манай сонгогчид над руу их ярьж байна. Энэ асуудлыг цэгцэлмээр байна. Ерөнхийлөгч шинэ оны өмнө тулгамдсан асуудлаар чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн. ҮАБЗ-өөр энэ асуудлаар ярьсан зүйл байна уу" хэмээлээ. Гишүүн Ж.Батзандан Б.Хурцын томилгоотой холбоотой нээлттэй сонсголыг хэзээ явуулах талаар асуусан юм. Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Б.Хурцын томилогооны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхдээ 900 хүний гарын үсэгтэй зөвшөөрөл хэрэгтэй. Б.Хурцтай холбоотой 8 хүний өргөдлийг судалж байна. Хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд судалж, шийдвэрлэх хэрэгтэй" гэсэн юм.
Харин УИХ-ын дарга М.Энхболд "Элчин сайдыг томилох чөлөөлөхтэй холбоотой асуудлыг бүтэн сар хэлэлцэж байна. Хэрвээ Өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг шуурхай шийдэх боломжгүй бол маргааш энэ асуудлыг чуулганы хуралдаанаар шийдвэрлэнэ. Мөн Малын генетикийн тухай хуулийн төслийг татах асуудлыг хууль санаачлагч, эсвэл санал хураалтаар шийднэ. Маргааш Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн асуудлаар чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ" гэлээ.
Ийнхүү Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ