Ж.Батзандан: УИХ-ын гишүүдийн олонх нь барьцаанд байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Тэд Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар болжээ. Энэ нь томилгооны сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд хийгдэх сонсгол юм байна. УИХ болон байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэхгүй, нээлттэй сонсгол явуулахаас татгалзаж буй учраас гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулахаар болсноо тэд хэлж байна. Томилгооны сонсгол явуулах УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн саналыг 22 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Тэднээс гадна УИХ-ын бүх гишүүдийг сонсголд оролцохыг урьжээ. Мөн нээлттэй сонсголд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон сэтгүүлчдийг оролцохыг гишүүд урилаа.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ ганц хүний асуудал биш. Монгол Улсын 10 иргэн өргөдөл гаргаад олон сар болж байна. Байнгын хороод өөр хоорондоо шилжүүлээд, иргэдийн саналыг хэлэлцэх сонирхолгүй байна. Өргөдлийн байнгын хороо 900 хүн санал гаргавал хэлэлцэнэ гээд сууж байна. 10 иргэн хэлмэгдсэн тухай ярьж байхад дахиад 900 хүний санал аваад ир гэж байгаа байнгын хороо хэлэлцэнэ гэдэгт итгэхгүй байна. Тиймээс томилгооны сонсгол санаачилсан гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй сонсгол хийнэ. Байнгын хорооны хэлэлцүүлэг болохгүй юм байна. УИХ-ын гишүүдийн олонх нь барьцаанд байна. Хууль хяналтын байгууллага, гэмт бүлэглэлийн атганд орсон гишүүд эрүүл ухаантай шийдвэр гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Бидний хэдэн гишүүн цөөдөхгүй. Өнөө маргаашдаа бидний тэмцэл мухардалд орж магадгүй. Гэхдээ үнэн, хуульт ёсны талд зогсч байгаа хүмүүс ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.
Мөн гишүүдийн нээлттэй сонсгол томилгоонд нөлөөлөхгүй байлаа ч асуудлыг нууж буй нээлттэй ярих нь зөв хэмээн үзэж буйгаа тэд илэрхийллээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ