Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо

img

 
Монгол Улсын “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагаас энэ оны амьтанд ээлтэй иргэд, аж ахуйн нэгж, хамт олон, хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдгүүдийг тодрууллаа. Амьтны төлөө сайн үйлс хийж бусдыгаа манлайлсан эрхмүүдийг та бүхэнд танилцуулъя.
 
 
“Амьтанд ээлтэй хүн-2017” шагналын эзнээр гэрэл зураг сонирхогч Г.Батсүх тодорлоо. Тэрээр байгаль, ан амьтан, шувууд, нэн ховор амьтан болох Алтайн угалз, мазаалайг сонирхон судалдаг. Тэдгээр амьтдын амьдралын сонин содон агшин, араншингаар гэрэл зургийн бүтээл туурьвиж, фото сурвалжлага, тэмдэглэл бүтээж олон нийтэд хүргэдэг байна.
 
“Амьтанд ээлтэй удирдагч-2017” шагналын эзнээр Нийслэлийн байгал орчны газрын дарга Э.Баттулга тодорлоо. Тэрээр хот тойрсон байгаль хамгаалагчдыг удирдан, хотын хөгжил, орчны бохирдол, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хот орчмын зэрлэг амьтдыг хамгаалах ажлыг гардан хийдэг залуу манлайлагчдын нэг юм.
 
“Амьтанд ээлтэй хамт олон-2017” шагналыг олон улсын “Ротари”-ийн 3450 дүүргийн Монгол дахь салбар, Амгалан цогцолбор сургуулийн хамт олон шалгарлаа. Энэхүү хамт олон нь Монголын шувуу хамгаалах төвтэй хамтран “Нэг хүүхэд, нэг үүр” төслийг хэрэгжүүлж шувууны үүр хийх гарын авлага гаргаж, хүүхдүүдэд шувууны үүр хийх аргыг зааж сургажээ.
 
“Амьтанд ээлтэй сэтгүүлч-2017” шагналыг “ETV” телевизийн сэтгүүлч С.Шүрэнчимэг хүртлээ. Тэрээр энэ онд байгаль экологийн асуудал, тэдгээрт өртөж буй биологийн төрөл зүйлийн талаарх сэдэвтэй 69 нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэжээ.
 
“Амьтанд ээлтэй эмэгтэй-2017” шагналын эзнээр “Туул голд минж нутагшуулах төсөл” –ийн зохицуулагч Ю.Дэлгэрмаа тодорлоо. Энэ төсөл нь 2011 оноос одоог хүртэл хэрэгжиж минжний тоо толгой өссөөр байгаа юм.
 
Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэн “Манай нийгэмлэг нь тав дахь жилдээ энэ үйл ажиллагааг зохиож байна. Бид амьтны эрхийг боловсронгуй болгох, эрх зүйн талаас нь хамгаалах чиглэлээр ажилладаг. 2012 онд батлагдсан амьтаны тухай хуулинд амьтны жам ёсны эрх гэсэн заалтыг тавдугаар бүлэгт оруулж батлуулсан. Одоогоор Монгол тарвагыг нутагшуулах төслийг хэрэгжүүлж байна. Жилдээ хоёроос гурван аймагт тарвага нутагшуулдаг” гэлээ.
 
 
М.БААСАНДЭЛГЭР
 
Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ