Д аминдэмийн дутагдал улсын асуудал болжээ

ЭМЯ-ны судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 61 хувь, жирэмсэн ээжүүдийн 75 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна. Д аминдэм дутагдсанаар хүүхдийн сурах чадвар болон бие бялдрын өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд амархан ядардаг, ойлгох, сурах сонирхол муутай байдаг гэж тус яамны мэргэжилтэн хэлж байна. Тиймээс эдгээр хүүхдүүдийг бичил тэжээлээр хангах нь нэгдүгээрт анхаарах асуудал болоод байна. Хүүхдийн хоол тэжээлд “Үдийн цай”, цэцэрлэгийн хоолны чанар чухал. Засгийн газраас санаачлан 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоогоор хөтөлбөрийн хүрээнд нэг сурагчид өдөрт 600 төгрөг зарцуулж байгаа. Цаашид бага ангийн сурагчдыг хамруулдаг “Үдийн цай” хөтөлбөрийн анги, шатлалыг нэмж, үдийн цайгаа үдийн хоол болгохоор ажиллаж байгаа гэнэ.
Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс гаргадаг. “Үдийн цай” хөтөлбөрт жилд 27 орчим тэрбум төгрөг зарцуулдаг бол цэцэрлэгийн хүүхдэд 60 орчим тэрбум төгрөг зарцуулдаг аж. Жилд 87 орчим тэрбум төгрөг зарцуулан хүүхдүүдэд өгч буй хоол хүнс нь хүүхдийн бие махбодын өсөлтөд сайнаар нөлөөлөх хүнс байх ёстой. Харин энэ шаардлагыг хангаж чадаж байгаа эсэх нь чухал.
Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх хэлэлцүүлэг өнөөдөр болсон юм. Хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтохоос үүнийг тодруулахад " Сүүлийн үеийн судалгаанаас харахад сургууль, цэцэрлэгүүдийн хоолны хувьд зарим нэг эргэлзэх асуудлууд гарч байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоолны хордлого улсын хэмжээнд гарч байгаа нийт хордлогын 40 орчим хувийг эзэлж байна. Хүүхдүүдэд өгч байгаа хоол тэжээлийн чанар аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Мөн хүүхдүүдэд бичил тэжээлийн дутагдал түгээмэл байна. Манай улсын хүүхдүүд бусад орны хүүхдүүдээс харьцангуй намхан нуруутай байх, тураалын болон таргалалтын үзүүлэлтүүд өндөр байгаа нь хоолны шим тэжээлийн найрлагад анхаарах шаардлагатайг харуулж байна. Сургууль, цэцэрлэгүүд хоол тэжээлээ сонгохдоо, хадгалалт тээвэрлэлт дээр буруу сонголт хийдэг. Ийм учраас хоол тэжээл гэж юу болох, яагаад бид хүүхдийн хоол хүнсэнд анхаарч ажиллах шаардлагатай талаар сургалт зохион байгуулж байна. Хоол тэжээлийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас 5-6 жил тутамд хийдэг. Энэ жилийн хувьд Д аминдэмийн дутагдал их байна. Жишээлбэл, тав хүртэлх насны хүүхдийн 61 хувь нь, жирэмсэн ээжүүдийн 75 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай. Д аминдэмийн дутагдалтай байна гэдэг нь тухайн хүүхдийн сурах чадвар болон бие бялдрын өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд амархан ядардаг, ойлгох, сурах сонирхол муутай байдаг. Иймээс эдгээр хүүхдүүдийг бичил тэжээлээр хангах нь нэгдүгээрт анхаарах асуудал болоод байна" гэсэн юм.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ