Хөшөөтийг стратегийн ордод оруулахыг Ерөнхийлөгчөөс хүслээ

Хөшөөтийн уурхайг стратеги ордод оруулах талаар Хөшөөтийн уурхайн ахмадын холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөт нүүрсний уурхайг одоогоос 49 жилийн өмнө буюу 1969 онд улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосноор нээж байсан юм. Үүнээс хойш коксжих нүүрсний чанараараа Монголдоо хоёрдугаарт орох уг уурхайгаас жилд нэг сая тонн нүүрс олборлож байна. Гэвч 49 жил болж буй уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод оруулах асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа юм.
Хөшөөтийн уурхайд “Мо Эн Ко” компани 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус компани нь нутгийн иргэдтэй анх гэрээ байгуулахдаа дулааны цахилгаан станц, эрчим хүчний дэд бүтэц, баяжуулах үйлдвэр байгуулна, сумыг хөгжүүлнэ гэсэн амлалт өгчээ. Гэвч үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 11 жилийн дотор БНХАУ-ын чиглэлд 310 км хатуу хучилттай зам тавьснаас өөр зүйл хийгээгүй гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жил ордын нөөцийг 87.99 сая тонн гэж тогтоосон гэнэ. Тиймээс тус ордыг стратегийн ордод хамруулан, “Мо Эн Ко” компанийн орлого болон орон нутаг, улсад төлөх татварыг тодорхой болгон хөндлөнгийн хяналтыг сайжруулахыг хүсч байна.
Тус уурхайг стратегийн орд газарт хамруулах тухай асуудал 2009 оноос эхлэн яригдсан ч 2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ордыг стратегийн орд газарт хамруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Тиймээс орон нутгийн иргэд тус компанитай гэрээ хийж Хөшөөт хөгжлийн санг байгуулжээ. Гэрээний дагуу жилд нэг сая тонноос илүү нүүрс олборлосон тохиолдолд нэг тонн нүүрс бүрд нэг ам.долларыг тус санд төвлөрүүлж байх ёстой гэнэ. Гэвч тус компани нь одоогоор уг санд 500 гаруй сая төгрөг төвлөрүүлээд байгаа аж. Учир нь, “Мо Эн Ко” компани жилд нэг сая тонн хүрэхгүй нүүрс олборлож байгаа гэнэ.
Түүнчлэн холбооны ТУЗ-ын дарга Д.Цэдэнбал “Хөшөөтийн уурхайг дэмжих тухай Ерөнхийлөгч Х.Баттулга амлалт өгч байсан. Тиймээс Ерөнхийлөгч амлалтаа биелүүлж, Хөшөөтийг стратегийн ач холбогдол бүхий газрын жагсаалтад хувь нэмэр оруулах байх” гэж байлаа.
Дарви сумын Хөшөөт багт 215 өрх, 1500 гаруй иргэн амьдардаг ажээ.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ