Бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулах хэрэгтэй

img

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Бичил уурхай эрхлэгчид  бол уурхайн үлдэгдэл дээр нь ажиллаж байгаа хүмүүс. Амьжиргаагаа аваад явж байгаа хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөх ёстой. Тэд нөхөн сэргээлтийг хүртэл хийж байгаа юм байна. Том уурхай эрхлэгчид уг нь нөхөн сэргээлт хийх хэрэгтэй. Гэтэл тэд алтыг нь авч, авдрыг нь хаяж байна. Өнөөдөр бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 60-100 тэрбум төгрөг зарцуулдаг. Ажил эрхэлж, сургалтад хамрагдъя гэж байгаа хүмүүсээ сургалтад хамруулах ёстой. Налайхын уурхайд жилдээ 10 хүн амь насаа алдаж байна. Хөдөө орон нутгаас ирсэн ажилгүй, дадлага туршлагагүй хүмүүсийг оруулж байна. Тиймээс Налайхын уурхайн асуудлыг өөр өнцгөө авч үзэх ёстой гэсэн саналыг хэллээ. Гишүүн Д.Гантулга:

 

-Бичил уурхай эрхлэх үйл явц өнөө маргаашийн орлого зарлагаа нөхөн байгаа зүйл. Цаашдаа дахин сургалтад хамруулах, давтан сургах, өөр мэргэжил эзэмшүүлэх хэрэгтэй гэсэн бол байнгын хорооны дарга Х.Баатарбилэг:

 

-6300 бичил уурхай эрхлэгчид нөхөрлөлийн журмаар байна уу. Байршил бүлэглэл нь хаана байна гээд нарийн тооцоо судалгаагаа анхаараарай. Ажлын хэсэг болон тогтоол санаалагч энэ талаар анхаарах биз гэсэн саналыг  хэлсэн юм.

 

Ингээд Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулав. Байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараагаар нь Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ