Дарханы цэвэрлэх байгууламжийн шинэчлэл эхэллээ

Барилга, хот байгуулалтын яам 10 гаруй аймгийн цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлж эхлээд буй. Эдгээрийн нэг болох Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн хүрээнд хэрэгжиж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилгын үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
Нээлтийн ёслолын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Төсөл хэрэгжсэнээр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир усны цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга болон насос станцын үйл ажиллагааны чанарын түвшин дээшилнэ. Ингэснээр Дархан хот болон хараа голын сав газрын амьдралын нөхцөл байдал сайжирна” гэдгийг онцлов.
Төслийн нийт өртөг 20.68 сая ам.доллар бөгөөд үүний 10 гаруй хувийг Монгол Улсын Засгийн газар, 90 орчим хувийг АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дархан хотын цэвэрлэх байгууламжийг 14.0 сая ам.долларын гэрээгээр барьж байгуулахаар Герман-Италийн хамтарсан компанитай гэрээ байгуулсан нь өнөөдөр хэрэгжсэн адил хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн өртгөөс даруй 20 орчим хувиар хямд байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ