Б.Цэцэнбилэг: Төсөөллийн шатар сурснаар ой тогтоолт сайжирсан

Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээл буюу хараагүй хүүхдүүд шатар тоглож сурч байгаа талаар "Оюуны матриц" академиас хэвлэлийн хурал хийлээ.
Төсөөллийн шатрыг жирийн хүн тоглохдоо нүдээ боож, ой тогтоолтын аргыг ашиглан тоглодог аж. Энэ аргаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургахын тулд "Оюуны матриц" академи 116 дугаар сургуультай хамран ажиллаж байгаа гэнэ.
Тус академи эхний ээлжид 116 дугаар сургуулийн зургаан сурагчийг сонгон хичээллүүлсэн бөгөөд сурагчид гурван сарын дотор төсөөллийн шатраар тоглож суржээ. Мөн тус академи хараагүй хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эдгээр зургаан сурагчийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.
XII ангийн сурагч Т. Эрхэс " Бид төсөөллийн шатар тоглосноор өөрсдөдөө илүү итгэлтэй болсон. Мөн төсөөллийн шатар нь ой тогтоолтод маш чухал нөлөөтэй. Бүх нүүдлийг байршлаар нь цээжилдэг. Гуравдугаарт, бид өөрсдийгөө илэрхийлж чадах болсондоо маш их баяртай байгаа.Төсөөллийн шатрыг хүн бүр сурч болно. Заавал хараатай, хараагүй гэж ялгахгүй. Залуустаа хэлэхэд төсөөллийн шатраар хичээллээрэй. Хүн бүрт нээлттэй" гэлээ. VI ангийн сурагч Б.Цэцэнбилэг "Төсөөллийн шатрыг сурснаар ой тогтоолт нэмэгдэж, анхаарал төвлөрдөг болсон. Ингэснээр нүүсэн нүүдлээ мартахгүй хичээлээ ч маш сайн ойлгодог, хүний утасны дугаарыг сайн цээжилдэг болсон. Мөн би жирийн хүмүүстэй хамт шатар тоглож сурсан. Би өмнө нь шатар тоглож мэддэггүй байсан. Төсөөллийн шатар сурснаараа шатар тоглож сурсандаа баяртай байна" гэсэн юм.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ