НҮБ: Малчдаас мах худалдан авч, эмзэг бүлэгт тарааж эхэллээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө, Аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас 500 малчин өрхийн мал сүргийг хамгаалах, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад яаралтай тусламжийг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төсөлд 60-300 толгой малтай, гурваас доошгүй жил мал маллаж байгаа туршлагатай, малчны үнэмлэх, тамга, тэмдэгтэй, эмзэг бүлгийн 500 малчин өрхийг хамруулах аж.
Төсөлд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг, Завхан аймгийн Сантмаргац сумдыг хамруулахаар шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд төсөлд хамрагдаж буй 500 малчин өрх тус бүрээс чанар, аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцсэн хонь, ямааны нэг, нэг гулууз махыг худалдан авах аж. Ингэхдээ махыг хот суурин газрын нийгмийн хамгийн эмзэг бүлгийн 500 өрхөд хүнсний тусламжаар олгох юм. Тухайлбал, Завхан аймгийн Сантмаргац сумын 100 малчин өрхөөс худалдан авсан махыг Улиастай хотын 100 нэн ядуу өрхөд олгох бол бусад 4 сумын нийт 400 өрхөөс цуглуулсан махыг Улаанбаатар хотын 7 дүүргийн 400 нэн ядуу өрхөд олгоно.
Өнөөдөр 4 сумын 400 айлаас бэлтгэгдсэн хонины 400, ямааны 400 гулууз махыг нийслэлийн 7 дүүргийн хамгийн эмзэг 400 өрхөд олгох ажлыг эхлүүлж байна. Харин Завхан аймгийн Улиастай хотын нэн ядуу 100 өрхөд энэ сарын 29-нд мах олгоно.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ