Д.Нарангэрэл: Ханиадны вакцины дараа хатгааны вакцин хийлгэх ёстой

Эрүүл мэндийн яамнаас томуугийн өвчлөл, авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тандалтын 50 дахь долоо хоногийн байдлаар амбульторийн үзлэгээр томуу, томуу төст өвчин 6.2 хувийг эзэлж байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа учраас бэлэн байдлыг хангаад буй аж. Энэ хүрээндээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт Хүүхдийн тасаг нээж, ажиллуулах хүсэлтийг хүргүүлжээ. 50-100 ортой хүүхдийн тасгийн хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх, тоног төхөөрөмжөөр хэрхэн хангах тооцоог гаргасан байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл энэ жил томуу, томуу төст өвчний амбульторийн үзлэг цөөн байгаа ч бага насны хүүхэд уушгины хатгаагаар өвчлөх эрсдэл өндөр байгааг хэлж байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдүүдэд уушгины хатгааны вакцин хийгээд байсан. Ямар үр дүнтэй байгаа вэ?
-Уушгины хатгаа өвчний вакциныг 2016 онд агаарын бохирдол ихтэй нийслэлийн гурван дүүргийн хүүхдүүдэд хийсэн. Энэ хүрээнд 87900 хүүхдийг дархлаажуулсан. 13 долларын үнэтэй вакциныг 3.5 долларын үнээр хийж байхад хамралт бага, 80 хувьтай байна. Вакцин тариулсан хүүхдүүдийн дунд хатгаа өвчин 60 хувиар буурсан. Уушгины хатгаа өвчнөөр хүүхэд эндээгүй. Тиймээс бид 2018 онд сайдын багцаас нэг тэрбум төгрөгөөр вакцин авч, нийслэлийн бүх дүүргийн хүүхдүүдэд хийнэ.
-Хүүхдийн хатгаа өвчний нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 40 хувь нь уушгины хүндэвтэр, хүнд хэлбэрийн хатгаатай байна. Харин үлдсэн 60 хувь нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, өрхийн болон амбульторийн эмчийн хяналтанд гэрээрээ эмчлүүлж болох хүүхдүүд байна. Ачааллыг нэмж, дахиж өөр вирусын халдвар аван эмнэлэг рүү ирэхээсээ илүү өрхийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй байна.
-Ханиадны вакцин хийлгэхээр хатгаа тусдаггүй гэх ойлголт хүмүүст бий. Заавал хатгааны вакцин хийлгэх шаардлагатай юу?
-Уушгины хатгаа бол маш олон төрлийн вирус, бактераар хүндэрдэг. Томуугийн вакцин хийлгэсний дараа уушгины хатгааны вакцин хийлгэх ёстой. Сүүлийн хоёр жилд хийсэн судалгаагаар эрүүл 2000 хүүхдийн 70 хувийн хамар, залгиурт нян илэрсэн. Тэгэхээр насанд хүрэгчдийн дунд өөрөө өвчлөөгүй ч халдвар тараагчид байна. Тиймээс эрүүл нян тээгчдээс хамгаалах гол арга бол вакцин. Хатгааны вакциныг үнэ төлбөргүй, товлолын дагуу 2, 4, 9 сартайд нь дүүргийн дархлаажуулалтын кабинетад хийнэ.
-Өвдсөн хүүхдэд вакцин хийлгэж болох уу?
-Цоо эрүүл хүүхдэд вакцин хийнэ. Ханиалгасан, найтаасан хүүхдэд хийвэл үр дүнгүй. Бас урвал хүндрэл гарах эрсдэлтэй учраас цоо эрүүл хүүхдэд хийнэ.
-Хатгааны вакцин хийлгээд улам хүндэрсэн гэх яриа байсан. Шалтгаан нь юу бол?
-Вакцин хийлгээд хатгаа болно гэсэн асуудал байхгүй. Ханиадтай, өвчтэй үед хийвэл өвчнийг сэдрээдэг. Эмч вакцин хийх болгоны өмнө эрүүл мэндийг үзлэгийг хийх ёстой.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ