Бид ОУВС-д шахагдах ёсгүй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монголбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдахаар байсан. Одоо 12.00 цаг болж байна. Манай бүлгийн гишүүд хуралдаандаа цагтаа ирээд гурван цаг хүлээлээ. Ирцийг хүчээр бүрдүүлэхгүй шүү, Д.Дамба-Очир дарга аа. Эдийн засгийн байнгын хороо улстөржихгүй байгууллага байх ёстой гэдэгтэй санал нэгддэг. Гэхдээ хэлэлцэх хуулиудыг ажлын хэсэг дээр сайн хэлэлцэж, нэгдсэн дүгнэлт гаргая гурван хууль дээр гэж ярилцсан. Харамсалтай нь нэгдсэн ажлын хэсэг нэг л удаа хуралдсан. Эцсийн дүндээ Төвбанкны тухай, Монголбанкны тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг нэгтгэн хэлэлцэж оруулж ирэх үүрэг ажлын хэсэг хүлээсэн. Гэвч ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир энэ асуудалд маш муу ажилласан. Тэгээд одоо ОУВС яаралтай хэлэлцүүлэх гэж шахаад байна гэсэн тайлбар хэлж байгаа нь буруу. Ажлын хэсэг ойлголцоогүй байхад байнгын хороог хүчээр хуралдуулах гэдэг нь буруу. Банкуудын асуудал дээр ярилцах зүйл байгаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:
-Манай байнгын хорооны ирц цагтаа бүрдсэн байсан. Гэвч ажлын хэсэг дээр дөрвөн асуудалд ярилцах хэрэгтэй байна гэсэн. Тиймээс хүлээсэн. Ойлголцлын зөрүү байна. Тийм учраас бид дэгийн дагуу хуралдаанаа явуулъя гэж ярьж байна. Ер нь хуралдааныг хойшлуулж байсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан Банкны тухай хуулийн төслийн ажлын хэсэг сайн ажиллаж байгаа. Үг, өгүүлбэр заалт бүрийг хэлэлцэж байгаа. Бидний гаргаж байгаа заалт банк, санхүүгийн байгууллагаханд ойлгомжтой байх ёстой. Сайн зүйл гаргахын тулд зөрчилдөх зүйл байна. Бие биенийхээ саналыг сонсох ёстой. Монголбанкнаас оруулж ирсэн хуулийн төсөл модон орчуулгатай, тодорхойгүй зүйл их байна. Бид өөрөө бодлоготой улс. Тиймээс ОУВС-нд шахагдах ёсгүй.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Ажлын хэсгүүд саналаа нэгтгэх ёстой. Хөрөнгө оруулалтын банкны манай хуулинд Төв банкны хуультай зөрчилдөх зүйл гараад байна. Тиймээс энэ удаагийн байнгын хорооны хуралдааныг хойшлуулъя.
Ингээд байнгын хорооны хуралдааныг хойшлуулах тухай З.Нарантуяа гишүүний саналаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй тул Төв банкны хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ