ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдварыг тогтоодог болсон

img

Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах уулзалт боллоо. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Глобал сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, ХӨСҮТ-ийн Сүрьеэ тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах болон салбарын бусад  мэргэжилтнүүд нийт 160 гаруй хүмүүс оролцлоо.

 

Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээр удахгүй хэрэгжүүлэх сүрьеэгийн төслийг танилцуулж, санал бодлоо солилцож байгаагаараа ихээхэн онцлогтой. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

 

-Бидний хувьд сүрьеэгийн илрүүлэлт оношилгоо тулгамдсан асуудлуудын нэг байсан. Сүүлийн жилүүдэд үе шаттай арга хэмжээ авсны үндсэн дээр нэлээд ахиц дэвшил гарсан. Ялангуяа сүрьеэгийн лавлагаа, лабораторийн салбар сүүлийн жилүүдэд оношилгоон нв олон улсын түвшинд хүрч ажиллаж байна. 2009-2010 онд молекул биологийн  физик эмчилгээ нэвтрүүлсэн.

 

2013-2014 онд Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн нэгтгэсэн төслийн санхүүжилтээр 32 сая төгрөгийн өртөг бүхий сүрьеэ өвчнийг оношилох орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох “GeneXpert” аппаратыг ХӨСҮТ-д ажиллуулж эхэлсэн. Уг төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг цаг алдалгүй эрт оношилох, түрхэц сөрөг тохиолдолд ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдварыг илрүүлэх, орчиндоо халдвар тархаах аюулгүй лабораторийн онцлог нөхцөл шаардахгүй, эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд (2 цагийн дотор), нэгэн зэрэг тогтоох зэрэг олон давуу талтай болсон.

 

Сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сайжруулах, хүн амд ногдох тусламж үйлчилгээг ойртуулах ажлуудыг хийсэн. Хамгийн гол нь эрт илрүүлэлтийг зөв зохион байгуулах хэрэгтэй гэдгийг онцолмоор байна. 2006 оноос олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг нэвтрүүлж, 10444 тохиолдлыг эмчилж, 21600 хүн  халдвар авахаас сэргийлж, 2001 хүнийг эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс сэргийлж чадсан.

 

2017 он хүртэл эмэнд тэсвэртэй сүрьеэгийн  эмийг Глобал сангийн  санхүүжилтээр хариуцаж ирсэн. Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмийн 70 хувийг Глобал сан, 30 хувийг  Засгийн газраас санхүүжилдэг. Харин гаж нөлөөний эмийн хувьд  Глобал сан 90 хувийг , Засгийн газар 10 хувийг  санхүүжүүлж байна. Цаашид Засгийн газрын санхүүжилтийг нэмэх  бодлого  байгаа хэдий ч эдийн засгийн хүндрэлээс болж санхүүжилтээ нэмж чадахгүй байна. Тиймээс цаашид энэ тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ