О.Чулуунчимэг: Г.Номуундарь хар тамхи хэрэглэдэггүй

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хүчирхийлэлд өртсөн тухайгаа бичлэг хийн олон нийтийн сүлжээгээр цацаж, багагүй шуугиан дэгдээсэн. Эл асуудлыг хуулийн байгууллага хэрхэн шалгаж буй талаар өнөөдөр Г.Номуундарийн өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Уг хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж буй аж.
Өмгөөлөгч О.Чулуунчимэг “Одоогоор хэд хэдэн гэрч асуугдсан. Гэрчүүдийн мэдүүлгээр тухайн орон байр, цаг хугацаанд Номуундарийн бичлэгт дурдагдсан нэр бүхий этгээдүүд, хэрэгт холбогдсон хоёр этгээд байсан нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна. Хаана байгаа нь тогтоогдохгүй байна. Бидний авсан мэдээллээр тэр хоёр оргон зугтсан байж магадгүй. Хохирогч гомдол гаргаж, гэрчүүд мэдүүлэг өгсөн байхад цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Тэдэнд хилийн хориг тавигдаагүй учраас оргон зайлж болзошгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Харин Г.Номуундарь сэтгэцийн өөрчлөлттэй юу, хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэх гэсэн асуултад “Охин сэтгэцийн хувьд эрүүл. ЭЕШ-нд маш өндөр оноо авч, их дээд сургуульд элсэж орсон. Сэтгэцийн асуудалд эргэлзээ байхгүй.
Бичлэгийн дараа хар тамхитай тэмцэх хэлтсээс ирж, охинд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэдэггүй нь тогтоогдсон” гэсэн тайлбарыг өгөв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ