Ц.Ням-Осор: ”Эрдэнэт”-ийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэдэд “Эрдэнэт”-ийн хувьцааг эзэмшүүлэхдээ ямар зохицуулалт хийх вэ?
-Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордын 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалт байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, цаашдаа олон улсын зах зээл дээр нээлттэй гаргахаар “Эрдэнэт”-ийг ХК болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингэхдээ УИХ-аар асуудлыг оруулна.
Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн нийт хөрөнгийг, ордуудыг үнэлнэ. Байгууллагын үнэлгээ, ирээдүйн зах зээлийн үнэлгээг комисс гаргаж хийнэ. Томоохон төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах зорилгоор хувьцаат компани болгох зорилт байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талынхан Арбитрийн шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа. Энэ нөхцөлд Засгийн газрын шийдвэр хэрэгжих үү?
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан тал хуулийн байгууллагад хандах эсэхийг мэдэхгүй. Тэдний бүрэн эрхийн асуудал. Хэрвээ шүүх, хуулийн байгууллагаар гомдол тавиад ирвэл ажил тодорхой хэмжээгээр зогсох магадлал бий.
-51 хувийнхны асуудал ямар шатанд байна вэ?
-“Стандарт” банкны 50-иад сая ам.долларын маргаан байгаа. ТУЗ буюу компанийнхан гадаадын өмгөөллийн компани хөлсөлсөн. Дотооддоо бас хариуцсан өмгөөллийн компанитай. Эцсийн шийдвэр гараагүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ