Төрийн өмчит компаниудыг хувьчилж, олон нийтэд нээлттэй болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчийн үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр гурван тогтоолын төсөл боллоо. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд төрийн өмчит компаниудыг эзэнтэй болгож, ил тод байдлыг ханган, үйл ажиллагаанд нь олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг сайжруулах зорилгоор нээлттэй компанийн засаглал руу шилжих зарчмыг баталлаа.
Мөн төрийн өмчийг 2016-2020 онд хувьчлах жагсаалтыг гаргахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болголоо. Төрийн өмчит компаниудыг хувьчилж, хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй компани болгох юм. Харин хувьчлагдахгүй төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулдаг олон улсын жишгийг нэвтрүүлнэ. Төрийн өмчит компанийн захирлууд өндөр цалинтай, үрэлгэн байдаг гэсэн шүүмжлэл гардаг.
Харин үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн таван компанийг татан буулгаж байна. Үүнд “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар боллоо. Зах зээлд өрсөлдөх чадваргүй компаниудыг татан буулгаснаар алдагдал буурч байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ