Д.Сумъяабазар: Загджавын үг Засгийн газрын байр суурь биш

Уул уурхайн яамны удирдлагууд сар бүр салбарын мэдээллээ танилцуулдаг. Энэ сарын хурал өнөөдөр болсон бөгөөд хэвлэлийн хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцлоо.
Тус салбар өнгөрсөн онд 47 сая тоннн нүүрс борлуулсан. Үүний 33.3 сая тонныг экспортолжээ.
Сайд Д.Сумъяабазар “Манай яамны дэд сайд Д.Загджав “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдын байр суурь биш. Мөн Засгийн газрын байр суурь ч биш гэдгийг онцолъё. “Оюутолгой”-д ажлын хэсэг хоёр сарын турш их сайн ажилласан. Гэхдээ тус компаниас авсан, Засгийн газрын хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий. Ерөнхийлөгч өчигдөр нэг телевизээр “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ. ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар “Рио Тинто”-д 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” гэсэн юм.
Түүнчлэн “Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна. Дубайн гэрээг өөр улсад байгуулсан нь шүүмжлэл дагуулдаг. Миний хувийн бодлоор “Оюутолгой”-д худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээ, мэдээллийг очиж, тэр айлд худалддаг, эрх баригчид “Оюутолгой”-той холбоотой ямар нэг асуудал шийдэх гэхээр урьдчилан нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлэх зорилгоор элдэв мэдээлэл тараах явдал элбэг байна. Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” гэлээ.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ