Засгийн газрын хуралдаанаар шатахууны үнийн талаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-2017 оны долдугаар сараас эхлээд олон улсын зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллар байснаа 65 болж өссөн. Судалгаа хийж үзэхэд нефть бүтээгдэхүүний үнэ 60-70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан өнгөрсөн оны долдугаар сард газрын тосны үнэ 40 орчим ам.доллартай байсан. Тийм учраас өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд АИ92, А80 шатахууны үнийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа.
Бусад евро стандартай А95, А98 болон дизель түлшинд тогтоосон онцгой албан татварын хэмжээг хэвээр нь байлгах шийдвэр гаргаж байна. Гадуур үүсээд байгаа бензиний хомсдлын асуудал энэ шийдвэр гарсны дараагаар бүрэн шийдэгдэнэ гэдгийг хэлье гэлээ. Сангийн сайд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Яагаад шатахууны хомсдол үүсэн бэ?
-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байгаа, дээр нь нэмэгдэх үед нь ОУВС-гийн хөтөлбөрийн хэлэлцээрийн дагуу татвар нэмэгдүүлсэн байсан. Үнэ нэмэхгүй гэдэг шийдвэрийг Үнийн зөвлөл дээр гаргасан байсан. Хүлээлт үүссэн байсан учраас татан авалтын хэмжээгээ багасгасан болов уу гэж бодож байна. Үүнтэй холбоотой хүлээлт, очер үүссэн байна. Засгийн газар үүнд хурдан шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол хомсдол үүсэх нөхцөл байсан. Тийм учраас өнөөдөр Засгийн газрын хуралдаанд шуурхай шийдвэрлэн оруулж ирж байна.
-ОУВС-гийн хэлэлцээрийн дагуу Онцгой албан татвар нэмсэн байсан. Энэ асуудлаар ОУВС-тай холбогдсон уу?
-Бид ОУВС-тай энэ асуудлаар цахимаар ярилцаж байгаа. Дизельд оногдож байгаа онцой албан татварыг өөрчлөхгүй. Өнөөдөр олон улсын зах зээл зэс, алт, нүүрсний үнэ өндөр байгаа. А95, А98 маркийн бензинийг боломжтой хүмүүс хэрэглэдэг. Харин АИ92, А80 шатахууны хувьд суурь үнэ хөдөлгөх эрсдэлтэй. Гадаад зах зээлийн барааны өсөлтийг монголдоо, тэр дундаа өргөн хэрэглээний бараанд авчрах шаардлагагүй. Онцгой албан татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрх нь Засгийн газарт байдаг. Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх, үнэ хөдлөх эрсдэл үүсч магадгүй гэсэн үед Засгийн газарт бүрэн эрх олгосон шийдвэрийг С.Баяр Ерөнхий сайдын үед гарсан байдаг. Бид татвараа тэглэсэн. Нефть бүтээгдэхүүний үнэ яаж хөдлөхөөс бүх зүйл шалтгаална.
-ОУВС-тай хэлэлцээр хэзээ хийх вэ?
-ОУВС-тай албан ёсны хэлэлцээр маргаашнаас эхлээд явна.
Н.Энх
Уншиж байна |