“Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийг хэлэлцэж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж, төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход чиглэж байгаа аж.   

 

   Төслийн эхний шатны санхүүжилтийн хүрээнд уурын турбин, турбогенератор, турбины хяналт удирдлагын систем болон өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн нэг, хоёрдугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч төслийг 2018 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийтдээ 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд энэхүү нэмэлт санхүүжилтийн Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон байна.

 

   Нэмэлт 5 сая еврогийн санхүүжилт нь “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 10 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.

 

Нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалах, үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламж өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэх зэрэг ажлыг санхүүжүүлэх юм байна. Дарханы дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбин, генераторууд нь 1964 онд суурилагдсан, ажиллах ёстой баталгаат цагаасаа 3 дахин илүү цагаар ажилласан тул уг төслийг хэрэгжүүлж шинэ турбин, генератор суурилуулан станцын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай байгаа. Сангийн сайд төслийн танилцуулгыг хийсэн юм. Уг төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Тухайлбал, гишүүн С.Ганбаатар "Яагаад энэ төслийг Дарханд хэрэгжүүлэх гэж байна вэ, шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт хэдэн цагаас эхэлж байна гэлээ. Үүнд ЭХ-ны сайд Ц.Даваасүрэн:

 

-Манайх  ОХУ-аас цахилгаан импортолдог. Бид усан цахилгаангүй учраас Оросоос хамааралтай. Энэ төсөл өмнөх Засгийн газрын үед хэрэгжсэн гэсэн юм. Нэг кВт-ын үнэ 190 төгрөг. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ