Нефтийн үйлдвэртэй болно гэдэгт эргэлзэхгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шатахууны асуудлын талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын дагуу ЭХ-ний сайд танилцуулга хийв. Дэлхийн зах зээл дээр цаашид нефтийн үнэ өсөх хандлагатай байгааг дурдлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Төрийн албаныхан хариуцлагагүй мэдээлэл хийхгүй шүү. Зөрчлийн хуулиас болж бензиний үнэ өссөн гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн байна лээ шүү” гэлээ. УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав:
-Нефть импортлогч компаниудтай нийт найман удаа уулзсан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байна. Засгийн газраас АИ92, А80 бензиний Онцгой албан татварыг тэглэсэн хэмээн хариулсан. Гишүүн С.Бямбацогт:
-Засгийн газрын гишүүд энэ асуудлаар арга хэмжээ авсан гэж байна. Би шатахуун импорлогч нартай уулзсан. Тэд дахиад нефтийн үнэ өсөхөөр бид алдагдал хүлээнэ гэж байна. Энэ үед нь яаж зохицуулалт хийх юм бэ. Мөн нефтийн боловсруулах үйлдвэрийг Алтанширээтэд барина гэж байна. Энэ баттай юу. Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад өргөн хэрэглээний бараа нэмэгддэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Нефть боловсруулах үйлдвэрийн асуудлаар манай улс 10 гаруй жил ярьсан. Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэлийг нефтиэр хангана гэсэн зорилт тавьсан. Нефть боловсруулах үйлдвэр төмөр замтайгаа ойр байх ёстой. Энэтхэгийн Эксим банкны зээлээр хэрэгжинэ. Судалгаагаар Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барихаар ТЭЗҮ-ийг хийж байна. Бие биенийгээ татаж унагадаг асуудал гарчихгүй бол Нефтийн үйлдвэртэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ