Саад хийх тусам улс орны хөгжил хойшилно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараа УИХ дахь АН-ын гишүүд санал хэлсэн юм. Өнөөдөр АН бусад улс төрийн хүчинтэй хамтран жагсаал хийнэ. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанд оролцож чадахгүйг мэдэгдэж, сөрөг хүчний гишүүд эрх баригчдын бодлого үйл ажиллагааг шүүмжилж байлаа. УИХ-ын дарга хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлэхийг анхааруулж байсан юм. Харин гишүүн Б.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нар хэлэлцэх асуудалдаа орох горимын санал гаргалаа. Уг горимын саналаар санал хураалт явуулахад олонхи дэмжив.
Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж:
-Эрх баригчид хоёр жилийн хугацаанд юу хийсэн бэ? Эдийн засаг хүнд байна гэсэн юм. Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Эрх баригчид хоёр жилийн хугацаанд юу хийсэн юм бэ гэж байна. Эдийн засгаа өсгөсөн. Унаад байсан эдийн засаг сүүлийн хоёр жил өсөлттэй гарсан. Төсвийн алдагдал жил дараалан буурч байна. Валютын нөөцийг гурван тэрбумд хүргэсэн. Арилжааны банкуудаас зээл авахгүйгээр ажиллаж байна. Улсын эдийн засагт хүндрэл учруулахгүйгээр асуудлыг шийднэ. Ингэснээр өрийн ДНБ-д эзлэх хэмжээ буурна. Монгол Улсын эдийн засаг сэргэж байна. Одоо бидэнд улс төрийн тогтвортой байдал, шийдэмгий, зоримог үйл ажиллагаа хэрэгтэй. Та бүхэн хичнээн саад болно тэр хэмжээгээр улс орны хөгжил хойшилно. Одоо урагшаагаа хараад ажиллаад явчихмаар байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би АН-ын шаардлагыг харж байхад зарим нь зөв шаардлага байна. Жишээлэхэд, дарга нарын тансаглалыг бууруулах нь зөв. Татваруудыг бүгдийг нь бууруул гээд байх юм. Яагаад бүх төрлийн татвар бууруулна гэж. Долоон төрлийн татварыг л бууруулах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ