У.Хүрэлсүх: Их жанжныхаа нэр төрийг өндөрт өргөж яваарай

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн 125 жилийн ойн энэ өдөр өөрийн төгссөн II сургуульд зочиллоо. Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдгөөгөөс 33 жилийн өмнө суралцаж байжээ. Тэрбээр өөрийн суралцаж байсан ангидаа орж, сурагч насны дурсамжаа багш, сурагчидтай хуваалцав. Энэ үеэр Ерөнхий сайдын багш Оюунчимэг “Ийм сайхан шавиараа бахархаж байна. Сургуулиараа бахархаж байна. Д.Сүхбаатарын ой бүх хүүхдийн баяр байсан. Хүүхдүүд маань Эвлэл, пионерт элсдэг байсан.

 

 

Миний шавь нар сайхан төлөвшиж яваад баярладаг. Тэр дундаа төрийн өндөрлөгт ажиллаж байгаа шавиараа үнэхээр бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх II сургуулийн багш, сурагчдад хандан “Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн энэ өдөр төрөлх сургуульдаа ирж, багш, сурагчид та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бол Монгол Улсын түүхэнд түүх болон үлдсэн хүний маань мэндэлсэн өдөр. Их жанжин Д.Сүхбаатарын түүх бол Монголын тусгаар тогтнолын түүх. Ардын нам, монгол төрийг үндэслэн байгуулагч бол Д.Сүхбаатар. Тиймээс энэ агуу хүнийг байнга дурсаж, мэндэлсний ойг ёслол төгөлдөр хийх байх ёстой.

 

Их жанжин Д.Сүхбаатараар овоглосон олон байгууллага байдаг. Түүний нэг нь нийслэлийн II дунд сургууль байгаа юм. Энэ сайхан хүнээр овоглосон сургууль амжилттай ажиллах ёстой. Их жанжныхаа нэр төрийг байнга өндөрт өргөж яваарай” хэмээн захилаа.

 

Б.Энэрэл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ