ХХОАТ-ын хэмжээг нэг шатлалтай болголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулан батлав. Хуралдааны эхэнд ХХОАТ-ын тухай хуулийн төслийн үзэл баримлалтын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар буюу 4 шатлалтайгаар албан татвар ногдуулж эхэлсэн. Уг хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай буюу 10 хувь болгохоор өөрчлөлт оруулж байгаа.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай санал дэмжигдсэн байна. Байнгын хорооноос дэмжигдсэн саналаар санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Ийнхүү ХХОАТ-ын тухай хуулийн төслийн үзэл баримтлалтыг баталлаа. Үүний дараагаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг хийхээр байлаа. Мөн зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болжээ. Тиймээс холбогдох байнгын хороод хуралдсаны дараагаар чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр түр завсарлуулав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ