Татварын өр төлөх хугацаа хоёр сар байсныг хоёр жил болгоно
Татварын хуулийн шинэчлэлийн төслөөр МҮХАҮТ-д хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр:
- Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино. Харин төлвөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримтлах болно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална. Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье. Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна хэмээлээ. Дараагаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:
-Монгол Улсад 1990 оноос хойш хөдөлмөр чөлөөтэй эрхэлж байгаа. Татварын хууль өөрчлөгдсөөр ирлээ. Өнөөдрийн монгол Улсын татварын системийн үндсэн үзүүлэлт төр, орон нутаг бүрдүүлэхээс гадна иргэдээс бүрдүүлж байгаа. Өнөөдөр эдийн засгийн том салбар, санхүүгийн реформ хийхэд өнөөдрийн Ч.Хүрэлбаатар сайд их зүйл хийнэ гэж бодож байна. 2006 онд дөрөв арвын бодлого гэж байсан. Үүнийг ХХАОТ-ыг 10 хувь болгоход одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж ажиллаж байлаа. Хямралыг баялаг бүтээгчидтэй хамт давж гарна. Хамгийн гол нь бид өндөр татвартай, хүнд сурталтай биш хөнгөн, шуурхай үйлчилнэ хэмээлээ. Ингээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Эдийн засгийг хямралаас гаргах, иргэдэд учирсан дарамтыг бууруулах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн. Татварын хуулийг өөрчилснөөр хөрөнгө оруулалт бизнесийг дэмжиж байна. Татварын маргаан дагуулсан асуудалд зохицуулалт хийж байна. Татварын заалт ойлгомжтой байх ёстой. Хоёр агуулгатай байж болохгүй. Мөн ил тод байдлыг хангах учиртай. Шударга татвар төлөгчийг дэмжинэ. Монгол Улсын Ерөнхий сайд энэ өдрөөс эхлээд 10 хоногийн хугацаанд татварын хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ . Хуулиар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа явуулахад хэрэгжүүлдэг зардлыг бууруулна. Татвараа шударгаар төл гэж шаардаж байна. Харин зугатааж, зайлсхийсэн хүмүүст хариуцлага тооцно. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр эдийн засгийг дэмжинэ гэдгийг онцоллоо.
НӨАТ-ын тухай хууль дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулж байна. Татварын Ерөнхий хуулиар бичил бизнес эрхлэгчийн тайлан гаргах аргачлалыг хялбаршуулж байна. Татварын газар зөвлөмж өгдөг газар болгож байна. Тайланг алдаатай гаргасан тохиолдолд нэг жилийн дотор залруулах боломж олгож байгаа юм байна. Маргаан таслах ажиллагааг нэг шатаар шийддэг болно. Татварын өр төлөх хугацааг хоёр сар байсныг хоёр жил буюу 24 сар болгожээ. Эрсдэлтэй өрийг түрүүлж хураах бол харин илүү татвар төлсөн бол нэн түрүүн буцаан олгох юм байна. Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй аж. Татварын зорилгоор мэдээлэл солилцох ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлэх юм байна.
Өнөөдрийн тухайд аж ахуйн нэгжүүд жилд дөрвөн удаа тайлан өгч, 10 хувийг төлдөг. Харин татварын шинэчилсэн хуулийн төслөөр борлуулалтын орлого нь жилд 50 сая төгрөгөөс доош бол жилд нэг удаа, 3 тэрбумаас доош бол жилд хоёр удаа, 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа тайлан өгч байхаар тусгажээ.
Хуулийн төсөлд Монгол Улсын экспортыг дэмжиж, эдийн засгаа солонгоруулах бодлогыг давхар агуулж тусгасан байна. Татварын ачааллыг нэмэхгүй, нэг шатлалтай, 10 хувь хэвээр үргэлжлэх гэнэ.
Мөн татварын улсын байцаагчийн хуулийг чангатгажээ. Одоогийн хуулиар татварын байцаагч зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хариуцлага тодорхойгүй байдаг байна. Харин хуулийн төсөдл татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 хүртэл жил эргэж ажиллахгүйгээр зохицуулсан.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын хуулийн шинэчлэлийн төслөө танилцуулсны дараагаар бизнес эрхлэгчид саналаа хэлсэн юм.
“-ЖДҮ эрхэлж байгаа хүмүүс т НӨАТ-ын дарамт их байдаг. Бид захиалагчаас ажлаа аваад гүйцэтгээд ажилчдадаа цалин өгдөг. Гэтэл НӨАТ-ын баримт их нэхдэг. НӨАТ-т өгч байгаа татварыг хэмжээнээс нь харгалзаад 5-10 хувь байлгаж болохгүй юу? НӨАТ жижиг, дунд үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст асар их.
-Татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэхтэй холбоотой худалдаа эрхэлж, лангуу түрээсэлж байгаа худалдаачид яаж татвар төлөх вэ? Бид өдөр бүр 10 хувийн татвар төлж байгаа. Сүүлийн 15 жил хувийн орон сууц их хэмжээгээр баригдаж, түрээслүүлж байна. Зарим нь 20-50 орон сууц түрээслүүлдэг гэх юм. Орон сууц түрээслүүлж байгаа хүмүүст татварыг яаж ногдуулж байна вэ?
-Нэг үеэ бодвол бизнесмэнүүд өөрийн гэсэн байртай, үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Улаанбаатар хотын ямар бүсэд хамаарснаас бид татвараа төлдөг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг яаж үнэлээд байгаа нь тодорхойгүй. Нөгөө талаас төрд ажилласан, хувьд ажилласан хүмүүсийн тэтгэвэр ялгаатай тогтоож байна. Төрд ажилласан хүн 75 хувиар, хувьд ажилласан хүн 20 хувиар тэтгэврээ тогтоолгож байна” гэсэн асуултыг бизнес эрхлэгчид тавьсан юм.
-Бид хэдий чинээ татвар төлөгчийг хамруулна. Тэр хэмжээгээр татварын ачаалал буурна гэж үзэж байгаа. ХХОАТ-т бид аливаа бизнес эрхлэгч бизнесээ эрхлүүлэх хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн байх ёстой. Гэрээ хэлцэл дээр олон улсын жишгийг баримтална. Шинэ хуулин дээр хувь хүнийг ч татвар төлөгчөөр бүртгэж байгаа. гэсэн хариултыг мэргэжилнтүүд өгсөн юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-НӨАТ-ыг барилгын компани дээр 10 жилийн хасалт хийнэ. Аж ахуй нэгж дээр 20 төрлийн зардлыг татвараас хасахаар бичсэн байгаа. 3 тэрбум төгрөгийг ашиг бага байгаа гэдэгтэй санал нэг байна. Татварын багц хуулийг оруулж ирэхэд орлого бууруулах тал ажиглагдаж байгаа. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой татварт үнэлгээг багасгаад, банкнаас зээл авахдаа нэмдэг. Энэ асуудлыг судалж байна. Хөрөнгийн зах зээл, даатгал зэрэг асуудалд Сангийн яам судлан ажиллаж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ