Үнэгүй өдрүүдийн ӨГӨӨЖ
Монгол орон даяар музей үнэгүй үйлчлэх шийдвэр гарахад “Хэн тоож очих вэ дээ” гэсэн бодол эрхгүй төрж байлаа. Харин түүний оронд кино театр үнэгүй үйлчилбэл ачааллаа даахгүй хаалга үүдээ барих байсан даа гэх адгуу бодол тээж суусан. Тэгтэл өдөртөө дөрвөн мянгаас 20 мянган хүн хүлээн авч, үйлчилж байгаа статистик мэдээг музейн мэргэжилтнүүд танилцуулж байна. Энэ статистик үнэн болохыг аль ч музейн үүдэнд үүссэн урт дарааллаас харж болмоор.
Монголд хамгийн бага өртөгтэй үйлчилгээний байгууллагын нэг бол музей. Гэвч жирийн өдрүүдэд мөнгө төлж музейг зорих хүн цөөн. Харин цэнгээний газрууд өдөр бүр үйлчлүүлэгч олонтой. Тэгтэл үнэгүй үйлчлэх эдгээр өдрүүдэд музей, цэнгээний газраас дутахааргүй үйлчлүүлэгчтэй, бүр цагдаагийн хамгаалалт хүртэл гаргаж ажиллав. Үүнээс үүдэн өөнтөг ч нэг нь “Монголчууд үнэгүй юманд нугасгүй” гэх увайгүй үг чулуудаж байна.
Манай улсын музейд үнэндээ өрөвдмөөр л дөө. Оръё гэхэд зарим музей нь “Нурах аюултай” гэх бичиг наалттай, хаалттай. Байгаа хэдийг нь үзье гэхэд хосгүй үнэт түүхэн олдвор, хүн гайхаж, дуу алдмаар үзмэр цөөнтэй. Гэсэн ч түүх соёлтойгоо танилцах гэсэн чин хүсэл “өвөрлөж”, анги ангиараа оочерлон зогсох багачуудын дэггүй яриа их хотын ажин түжин байдалд эрхгүй хөг нэмж байлаа. Музей үзэж гарч ирээд бүгд л “Багшаа багшаа” хэмээн аль нэгийн учрыг тайлах гэж өрсөн асуух нь баярламаар.
СХД-ийн 105 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч А.Баясгалан ээж, аавын хамт “Чойжин ламын сүм музей”-г сонирхож яваатай таарч сэтгэгдлийг нь хуваалцахад “Музей гэдгийг би ойлгодоггүй байсан. Өөрийн биеэр ирж музей үзэхэд маш гоё санагдаж байна. Музей гэдэг нь түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалдаг газар юм байна. Багш биднийг зуны амралтаараа заавал музей үзээрэй гэж захидаг ч өмнө нь нэг ч удаа музейд ирж байгаагүй. Үнэгүй үзэх хугацаанд амжуулаад бүх музейг үзмээр байгаа ч их хүнтэй байгаа болохоор амжихгүй болов уу гэж бодож байна. Тиймээс зуны амралтаараа заавал бүгдийг нь үзнэ. Музейн зарим бурхны дүрстэй үзмэрүүд нь сүрдмээр санагдаж байна. Энэ үзмэрүүдийг бүгдийг нь хүн бүтээсэн гэхээр гоё санагдлаа” хэмээв.
Харин түүний аав “Түүхийг хүүхэд номоос уншаад ойлгож, тогтоож авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс уншсан номынх нь үйл явдлыг музейн үзмэртэй уялдуулан тайлбарлахаар маш их сонирхож хүлээж авч байна. Ингэснээр дахин түүхэн ном унших сонирхол төрж байна. Тийм учраас музей үнэгүй үзүүлэх энэ шийдвэр зөв зүйл боллоо” хэмээсэн юм.
Чулуун зэвсэг, суурин, хүрлийн үеийн хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үед холбогдох хадны бичээс, малгай, гутал зэрэг хувцас зэрэг баялаг хэрэглэгдэхүүнтэй олдворууд XXI зуунд амьдарч буй багачуудад ихэд сонирхолтой санагдсан гэнэ.
Угаас үйлчлүүлэгч багатай музейг үнэгүй үзүүлсэн нь хэнд ч ашиггүй шийдвэр, ядаж 50 хувь хямдруулаад олсон ашигаар нь музейгээ шинэчилсэн бол зөв байсан гэх хүмүүс байна. Интернэт, гар утас хөгжсөн энэ цаг үед хүүхдүүд хэдэн өдөр ч гэсэн өрөөнийхөө буланд шигдэж утас ширтэж суусангүй. Олноороо цугларч, үзсэн харснаа өөр өөрийнхөөрөө сэтгэхүйдээ буулгаж авсан нь сайн үр дүн. Бид Төр засгаас нэхэх дуртай. Тэгвэл энэ удаад Төр засаг үнэгүй музей үзүүлж хүүхдүүдийн боловсролд том хөрөнгө оруулалт хийлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ