Монгол лам буддын гүн ухааны дээд цол хүртжээ


Бурхан шашны “СумадиГирди” төвөөс буддын гүн ухааны дээд Лхаарамба цолыг Ардын хувьсгалаас хойш анх удаа Д.Жавзандорж хүртсэн талаар өнөөдөр /2018.03.06/ мэдээлэл хийлээ.
Д.Жавзандорж нь Энэтхэг улсад 20 жил суралцаж, буддын гүн ухааны зургаан жилийн их шалгалтад дөрвөн жил эхний байрт орж, хоёр жил хоёрдугаар байр эзлэн зургаан жилийн нийлбэр дүнгээр буддын гүн ухааны цол Лхаарамбын зэргийг хамгаалжээ.
Энэтхэг улсад гүн ухааны чиглэлээр суралцаж буй 10 мянган лам Лхаарамба цолыг хүртэхийн тулд буддын гүн ухааны 5 ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж байж цол хүртэх шалгалтад орох эрхээ авдаг байна. Үргэлжлүүлэн зургаан жилийн турш лам нартай өрсөлдөж энэхүү цолыг хүртдэг ажээ. Иймд энэ нь хүссэн хүн бүр хүртдэг цол биш гэдгийг Д.Жавзандоржийн шавь нар хэлж байлаа.
Д.Жавзандорж нь өмнө нь Далай багшийн 80 насны ойгоор 10 мянган ламаас хамгийн их ном цээжилсэн хоёр хүний нэгээр шалгарч байсан аж.
Тэрбээр 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан сууж, 1998 онд Энэтхэг улсыг зорьсон бөгөөд Монгол, Энэтхэг зэрэг орны 300 орчим шавьтай болжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ