Нэгдүгээр эгнээгээр зорчвол торгох шийтгэл хэвээр үйлчилнэ

Олон нийтийн цахим сүлжээгээр нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг нь хууль бус гэдгийг шүүх нотолсон гэх агуулгатай мэдээлэл цацагдсан. Үүнд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар хийлээ.

Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Иргэн Санжаагийн Одгэрэл нь нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах нь хууль бус гэдэг мэдээлэл тараасан. Энэ нь ташаа мэдээлэл. Тухайн иргэн өөрөө автомашинаа унаж яваагүй бөгөөд эзэмшиж эхлэхээс нь өмнө бичигдсэн торгуульд үндэслэн шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Иймд шүүхээс уг торгуулийг хүчингүйд тооцсон. Иймд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна. Цаашид нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах журам хэвээр үйлчилнэ” гэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ