“Оюутолгой”-н гэрээг цуцлахыг шаардав
МАХН, МНН, ИЗНН, МҮАН хамтран “Оюутолгой”-н гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. Дээрх дөрвөн нам хамтран “Оюутолгой”-н гэрээг цуцлах тулган шаардах бичиг гаргажээ. Уг тулган шаардах бичигт “Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн дээрх гэрээг цуцлахыг манай дөрвөн нам хамтран тулган шаардаж байна. Бидний шаардлагыг үл тоомсорлох авахаас тэмцэл хийх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэдгийг уг тулган шаардах бичигт дурджээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-“Оюутолгой” бол Монголын баялаг. Энэ баялгийг гадаадынхан олсон гэж ярьдаг. Энэ нь худлаа. Монголын ард түмэн “Оюутолгой” гэж нэрлэсэн. Энэ баялагтай ордыг мэдэж байсан учраас Оюутолгой гэж нэрлэсэн. Үүнийг олборлохын тулд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон нь үнэн. Бид өөрсдийн 34 хувиа үнэгүй авах ёстой байлаа. Гэтэл бид гаднын хүн шиг зээл тавьж авлаа. Зээл тавьж авсан учраас Засгийн газрын зээл нэмэгдсэн. Оюутолгойн олборлож байгаа мөнгө Монголд байхгүй. Гадаадын улс орны банкаар шилждэг. Энэ мэтээр Монгол Улсын эрх ашигт ноцтой хохирол учруулсан утгагүй гэрээг хурдан цуцлах хэрэгтэй. Байгалийн баялаг бол ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Тухайн үед ҮАБЗ-ийн хурал дээр “Монголын талд 51 хувийг авна, зээлээр биш өөрөө авна. Бид тодорхой хугацааны дараа хувиа нэмэгдүүлсээр байгаа 100 хувь болгоно” гэсэн байр суурьтай байсан. Би ийм байр суурьтай байсан учир намайг Ерөнхийлөгчийн сонгуулиар унагаасан. ҮАБЗ-ийн хурлын мэдээллийг нууцалдаг нь буруу. Аливаа нууц юмны цаана хуйвалдаан, авилга байдаг. Одоо М.Энхболдод алдагдсан нэрээ сэргээх цорын ганц боломж олдлоо. Бурханд талархах хэрэгтэй. УИХ нэр төрөө сэргээх сайхан боломж олдлоо. “Оюутолгой”-н гэрээг цуцалж, нэр хүндтэй болох бололцоог бид олгож байна.
МНН-ын дарга н.Бум-Ялагч:
-Бидний 600 миллиард ам.долларын баялгийг 400 миллиард гэж худлаа хэлж авч байна вэ? Бид өөрсдийн баялгаа яагаад зээл аваад байна. Ард иргэд бид хуулиа сайн мэдэхгүй учраас Монгол Улс хохирч байна.
МҮАН-ын дэд дарга н.Батбаяр:
-МҮАН Оюутолгойн гэрээг байгуулахаас нь эхлээд төр, засагт санал, санаачлага тавьж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө Оюутолгойг 2.8 тэрбум ам.долларт багтааж байгуулна гэж байсан. Гэтэл энэ нь 4.2 тэрбум болсон. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 тэрбум ам.доллар болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон гэж МҮАН үзэж байгаа.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:
-Засаг барьж байгаа намууд хэн их өр тавьдагаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан лицензүүдийг яах вэ. Монголын ард түмэн баялагтаа эзэн суух цагийг наашуулахын эхлэл нь Оюутолгой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ